Тэтгэврийн зээлийг тойрсон тоо баримтууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-01-13 14:31:49

УИХ арилжааны банкны зээлтэй ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталлаа. Энэ хуулийг баталсан өдөр (2020.01.10)-өөс мөрдөж эхэллээ. Хууль хэрэгжих явцад тэтгэвэр авдаг 421 мянган ахмадыг хоёр хэлбэрээр хамруулна. Эхний ээлжинд арилжааны банкнаас зээл авсан ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэнэ. Банкны зээлтэй 229 мянга 400 ахмадын 763 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлнө. Зээл авсан ахмадууд энэ хуульд хоёр хэлбэрээр хамруулах юм билээ. Эхний ээлжинд 6 сая хүртэл төгрөгийн зээлтэй ахмадын зээлийг 100 хувь чөлөөлнө. Энэ зээл чөлөөлөлтөд  зээлтэй ахмадын 90.8 хувь буюу 207 мянган зээлдэгчийг хамруулна. Дараа нь  зээлтэй 22 мянга 600 ахмадын 6 сая төгрөгийн зээлийг чөлөөлж үлдсэнг нь зээлдэгч өөрөө төлнө.


Арилжааны банкны зээлтэй ахмадын тоо (233 мянга), зээлийн дүн (776 тэрбум) гэж анх мэдээлсэн. Гэтэл хууль батлагдах үед зээлтэй ахмадын тоо, зээлийн дүн буурсан юм. Энэ хоёр тоо баримтын эхнийхийг 2019 оны 11 дүгээр сарын 30-аар тасалбар болгосон дүн (233 мянган ахмад, 776 тэрбум төгрөг) гэж ойлгоё. Харин хууль эцэслэн  батлагдах үеийн зээлтэй ахмадын тоо, мөнгөн дүн (229 мянга 400 ахмад, 763 тэрбум төгрөг)-г 2019 оны 12 дугаар сарын 31-ээр тасалбар болгосон гэж үзвэл нэг сарын дотор арилжааны банкуудад 13 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Тэр хугацаанд 4 мянга орчим ахмад тэтгэврийн зээлээ төлж дууссан гэсэн ойлголт гарч ирнэ.


Мөн нэг сард хэдэн ахмад, хэдэн төгрөгийн зээл авдаг вэ гэсэн асуулт  гарч ирлээ. 2019 оны 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкнаас гарсан байна. Тэрхүү зээлийн мөнгөн дүн 10 сая төгрөгөөс дээш байсан гэх мэдээ нийтэд цацагдсан (нотлогдоогүй) билээ. Гэвч арилжааны банкуудаас сард 44- 56 тэрбум төгрөгийн зээл гардаг. Харин 2019 оны 12 дугаар сард 66 тэрбум төгрөгийн зээл гарсан гэдэг албан ёсны мэдээлэл олон нийтэд цацагдлаа.

Энэ бол зээлтэй ахмадуудын хүрээнд гарч ирсэн тоо баримтууд.


Банкнаас зээл авдаггүй, авсан зээлээ төлж дууссан 191 мянга 600 ахмад байна гэсэн тоо нийтэд ил болов. Тэднийг дээрх хуульд хамруулах ёстой гэсэн байр суурь нийгэмд давамгайлсан юм. Олон нийтийн энэ санаа бодлыг хууль тогтоогчид хүлээн авч зээлгүй ахмадуудад 2021 оны 5 дугаар сарын 1-ээс мөнгөжүүлэх эрхийн бичиг (бавучер) олгох боллоо. Гэхдээ эрхийн бичгийг тэднээс гадна зээл төлөлт нь нэг сая төгрөгт хүрэхгүй байгаа ахмадуудад зөрүүг нь бас олгоно. Ингэж нийгмийн даатгалын санг (НДС)-аас тэтгэвэр авдаг ахмадуудыг дээрх хуульд бүрэн хамрууллаа. НДС-аас хамгийн олон буюу 308 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авдаг. Цэрэгжсэн байгууллагад 25 жил ажиллаад чөлөөнд гарсан 16 мянган хүн цэргийн бусад нь тэжээгчээ алдсан болон хөгжлийн бэрхшээлтэйн тэтгэвэр байдаг юм байна.


Ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийг боловсруулахдаа арилжааны банкны “тэргэврийн зээл” гэдэг бүтээгдэхүүнийг байхгүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байсан юм. Гэвч төслийг хэлэлцэх явцад арилжааны банкны дээрх бүтээгдэхүүнийг зогсоохгүй. Жилд нэг удаа 6 сарын тэтгэврээ барьцаалж ахмадууд зээл авах эрх зүйн орчин бий болголоо. Хууль хэрэгжих явцад ХНХ сайд (С. Чинзориг), Монголбанкны ерөнхийлөгч (Д. Лхагвасүрэн) нар санамж бичигт гарын үсэг зурж, энэ нь зээл байх уу, 6 сарын тэтгэврийн урьдчилгаа байх уу гэдгийг шийдэх аж.


Ийм эрх зүйн орчинтой болсноор ахмадууд 2 дугаар сард тэтгэврийн урьдчилгаа авч цагаан сар тэмдгэлэх боломжтой болно. Арилжааны банкны зээлийг ахмадууд цагаан сараас гадна намар авч ач, зээ нарынхаа сургалтын төлбөрт нэмэр болдог нь дээрх хууль батлах явцад олон нийтэд бас илэрлээ. Мөн бүрэн тэргэврийн доод хэмжээ (310 мянган төгрөг)-ний тэтгэвэртэй ахмадууд өөр мөнгөн орлого байхгүй тул зээл авхаасаа болгомжилдог нь тодорхой болсон гэж хэлж болно. Энэ мэт ахмадуудын тэргэврийн зээлийг тойрсон олон тоо баримт бусдад ил болсон аж.


Арилжааны банкуудын ахмадуудын зээлийг энэ сард багтаан тэглэнэ. Харин зээлгүй, зээлтэй ч зээлээ төлж дууссан ахмадуудад 2021 оны 5 дугаар сарын 1-ээс сая төгрөг олгоно. Түүнд 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ. Шаардлагатай мөнгийг улсын төсвөөс гаргахгүй. Байгалийн баялгийн зарим ордыг эргэлтэд оруулж орлогыг нь барьцаалж бонд босгоно. Энэ удаа Салхитын алт, мөнгөний ордыг эргэлтэд оруулах аж. Тус орд нь 808 тонн мөнгө, мянга 117 кг алтны нөөцтэй, Монголбанкинд 50 кг орчим мөнгө тушаасан билээ. Энэ нь олборлосон мөнгөнийх нь дээж байжээ. Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулдаг, “Эрдэнэс Силвер Ресурс” (Эрдэнэс таван толгойн охин компаниМонголбанктай 500 сая ам. долларын худалдах, худалдан авах гэрээ байгуулсан билээ.

Холбоотой мэдээ