Францад онц байдлын хугацааг сунгахаар шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 12:54:54

ПАРИС. /АР/. Францын Засгийн газар онц байдлын хугацааг долдугаар сар хүртэл сунгахаар төлөвлөж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард 130 хүний аминд хүрсэн халдлага Парис хотод гарсны дараа Францад онц байдал зарласан билээ.

Францын сайд нарын танхим онц байдлын хугацааг хоёр сараар сунгах саналыг парламентдаа өргөн барихаар шийджээ. Учир нь, ирэх 6, 7 дугаар саруудад Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Францад болох бөгөөд 11 дүгээр сард халдлага болсон цэнгэлдэх хүрээлэнд уг тэмцээний нээлт, хаалтын тоглолтууд болох аж.

Мөн гуравдугаар сард Бельгид халдлага үйлдсэн бүлэглэл Парис хотод халдлага үйлдэхээр төлөвлөж буйг мөрдөн байцаагчид тогтоосон байна.

Үүнтэй холбоотойгоор, террорист заналхийлэлтэй тэмцэх үүднээс аюулаас хамгаалах хүчний бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлнэ гэдгээ Францын албаны хүмүүс мэдэгджээ.

Гэвч зарим хүмүүс онц байдлын хугацааг сунгахыг эсэргүүцэж, аюулаас хамгаалах хүчний байгууллагууд онц байдлыг далимдуулан эрх мэдлээ хэтрүүлэх магадлалтай бий гэж болгоожилж байна. Учир нь онц байдал зарласан үед аюулаас хамгаалах хүчнийхэн зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийх, хүмүүс цугларахыг хориглох эрхтэй байдаг аж.

Францад онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг аль хэдийн хоёр удаа сунгасан бөгөөд сүүлчийн сунгасан хугацаа ирэх сарын 26-нд дуусгавар болох юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ