Тайванийн эрх баригч нам сонгуульд ялжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-12 12:07:03

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Эх газрын Хятадад ойртох бодлогыг эсэргүүцэгч, Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам бямба гарагт болсон Хууль тогтоох юанийн /парламент/ сонгуульд яллаа.


Тайванийн Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, тус нам 113 суудалтай парламентад 61 суудал /өмнө нь 68 суудалтай байсан/ авжээ. Харин сөрөг хүчний томоохон нам болох Гоминьдан суудлынхаа тоог гурваар нэмэгдүүлж, 38 мандаттай болсон байна. 


Таван суудлыг Тайбэй хотын дарга Кэ Вэнжэгийн байгуулсан Тайванийн Ардын нам, харин “Шинэ хүч” нам гурван суудал авсан байна. Тайванийн Төрийн байгуулалтын нам болон Нам бус эв санааны нэгдэл тус тус нэг мандат авсан бол үлдсэн дөрвөн суудлыг бие даан нэр дэвшигчид авжээ.


Тайванийн парламентын сонгуульд 43 намаас 650 нэр дэвшигч оролцсон байна. Парламентын сонгуулийн хамт Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгууль болсон бөгөөд тус арлын тэргүүн Цай Инвэнь дөрвөн жилийн хугацаатайгаар улиран сонгогджээ. Парламентын шинэ гишүүд хоёрдугаар сарын 1-нд үүрэгт ажилдаа орох бол засаг захиргааны тэргүүний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 20-нд болно.


Тайваньд сонгууль болсонтой холбогдуулан БНХАУ-ын Төв Засгийн газар "нэг Хятад" зарчим өөрчлөгдөхгүй гэдгийг сануулаад, холбогдох дүрэм журмыг даган мөрдөхийг шаарджээ.  



Холбоотой мэдээ