Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-10 17:47:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоолд тусгажээ. Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Ингэснээр улсын тусгай хамгаалалтад авсан талбайн хэмжээ нийт нутгийн 20.94 хувьд хүрэх юм.


Уг тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ