БАЙГАЛИЙН БАЯЛАГ БА АРД ТҮМНИЙ ХЯНАЛТ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-10 17:15:06
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/.

ТЭГШ ЭРХИЙН ТУХАЙ
УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр, Парламентын ардчиллыг бэхжүүлж, шүүхийн хараат бус байдлыг хангахын зэрэгцээ нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгосон юм. Түүнчлэн, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангасан нэмэлт, өөрчлөлтийг хийж 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн алдааг зассан нь түүх болон үлдлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьснаас хойш УИХ дөрвөн сарын хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар 36 удаа буюу 105.9 цаг төслийг хэлэлцжээ. Ингэхдээ, улс төрийн намууд, сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бүрийг тунгаан “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар ажилласан гэдгийг онцлохын сацуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олон талын зөвшилцлөөр баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар төслийг ноднин 11 дүгээр сарын 14-нд батлах үеэр цохон тэмдэглэсэн. Учир нь дээрх хугацаанд УИХ-ын гишүүд төслийн танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал авсан. Мөн Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсныг нэгтгэн “шүүсийг нь шахаж” төсөлд оновчтой байдлаар тусгажээ. 

Хамгийн гол нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломж бүрдсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн нэмэлтийг оруулсан юм.  Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласан аж ахуйн нэгжийн ашгийн дийлэнх буюу 50+1 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулж, түүнээс монгол хүн бүр ижил тэгш хүртэх боломжийг бүрдүүллээ. 

ШИНЭ БОЛОМЖИЙН ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т өмнө нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байв. Энэ заалтыг овжин ашиглаж, лиценз нэрээр байгалийн баялгаа гадаадын компанид давуу эрх олгон шилжүүлэх замаар улс төрчдийн 30 гэр бүл ашиг хүртэж байгаад нийгэм даяараа шүүмжлэлтэй хандаж байлаа. Ямартай ч өнөөгийн парламент харьцангуй олонх болсны хүчинд байгалийн баялгийг ард түмэндээ хүртээх боломжийг нээв. 

Хамгийн сүүлийн жишээгээр хэлэхэд, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар "Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай" хуулийн төслийг УИХ-аас өнөөдөр (2020.01.10) баталлаа. Ингэхдээ, Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлан, ахмадуудаа ялгаварлахгүйгээр буюу тэтгэврийн зээлтэй 229 мянган ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн зургаа хүртэлх сая төгрөгийг чөлөөлж, зээл аваагүй 192 мянган ахмадад тус бүр нэг сая төгрөг бэлнээр олгох болов. Үүнээс харахад, Үндсэн хуулийн 6.2-т оруулсан нэмэлт өөрчлөлт бидний нүдэнд ил тод, бодит жишээгээр хэрэгжиж байна. Ганц Салхитын мөнгөний ордоор тогтохгүй, энэ мэт жишгээр цаашлаад томоохон ордуудаас монголчууд ашиг хүртэх нь дамжиггүй юм. Ташрамд дурдахад, Салхитын мөнгөний ордыг Хятадын компанид 2047 он хүртэл ашиглуулах лицензийг тодорхой улс төрчид олгосон байсныг Засгийн газрын чиглэлийн дагуу өнгөрсөн онд хууль хяналтын байгууллага тусгай ажиллагаа явуулж, хууль бус зөвшөөрлийг нь цуцалсан. Улмаар төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” компанид эзэмшүүлэх болсон. 

ШАЛТГААН БА ЗӨВ ҮНДЭСЛЭЛ
Монголчуудыг “Алтан дээр суусан гуйлгачид” хэмээн гадныхан ярих нь бий. Учир нь АМГТГ-ын бүртгэсэн нөөцөөр, Монгол Улсад ашигт малтмалын 1170 орд, 8000 гаруй илэрц байна. Гэтэл Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ. Нөөц ихтэй ордоос дурдвал, Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суварга, Гацуурт, Тавт, Асгат зэргийг нэрлэж болно. Оюутолгойн орд гэхэд л алтны нөөцөөрөө дэлхийд зургаадугаар байрт (46,340,000 унци алттай) жагсаж байгаа, анхаарал татсан томоохон орд гэдгийг Дэлхийн уул, уурхайн нэгдсэн мэдээлэл бүхий “minig.com” цахим хуудас мэдээлжээ. 

Дэлхийн зах зээлд нэг унци алтны үнэ 1500 ам.долларыг хэдийн давсан. Оюутолгойн ордын алтны нөөцийг доллароор нь илэрхийлбэл ямар хэмжээний дүн гарах нь ойлгомжтой. Оюутолгойн нөөцийг Монгол Улсын 3.2 сая хүн амд өнөөдрийн (2020.01.10) ханшаар хувааж үзвэл, нэг хүнд 60 сая орчим төгрөг оногдохоор хэмжээтэй юм. Энэ бол зөвхөн нэг орд бөгөөд одоогоор батлагдсан нөөц. 

Гэвч увайгүй улс төрчдийн балгаар Монгол Улсад энэ ордоос ирэх өгөөж 2039 оноос эхлэх ч цаана нь 1.6 тэрбум ам.долларын өртэй хоцрох болоод байна. Тэд Үндсэн хуулийн 6.2-т Байгалийн баялаг төрийн өмч гэж тодорхойлсныг овжин ашиглаж, ард түмний хяналтгүйгээр “Дубайн гэрээ” гэх Үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц хэрэм босгосныг бид мэднэ. Энэ алдааг засахаар УИХ-ын даргын захирамжаар дөрвөн ажлын хэсэг гарч Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд хяналт шалгалт хийснээр, Засгийн газар, УИХ-ын түвшинд гэрээг дахин шинэчлэх асуудлаар ажиллаж эхэлсэн нь сайшаалтай. УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт нь томоохон ордоос ирэх ашгийг нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөхүйц байх эрх зүйн үндсийг тогтоосон юм.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр”-ээ улсын мэдэлд авч, Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болгосон. Мөн Салхит болон Асгатын мөнгөний ордын эзэмших эрхийг төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн мэдэлд шилжүүлсэн. Монгол Улсдаа нөөцөөрөө тэргүүлэх дээрх стратегийн ордуудыг төр бүрэн өөрийн мэдэлд авснаараа, цаашид байгалийн баялгийг зөвхөн төр өөрөө мэдэх биш, ард нийт хяналт тавьж, ашгийг нь хүртэх боломжийг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт олголоо. Харин иргэд бид байгалийн баялагтаа хяналт тавьж, дээрх заалт улс орны ирээдүйд хэрхэн өөрчлөлт аврахыг харах л үлдэв.  
Холбоотой мэдээ