Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу шинэчилсэн нийгмийн гэрээ

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2020-01-10 14:18:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хууль нь Монголын ардчилсан нийгмийн оршин хөгжих суурь, араг ясыг зангидсан, бэхжүүлсэн, ардчилсан төрийн гол хууль юм. Монгол Улсын дөрөв дэх, бүр тодруулбал хүмүүнлэг, ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимид 2006 онд хэвлүүлсэн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” бүтээлдээ ийнхүү бичсэн нь бий.


Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш  хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимид гуай онцолсон байдаг. Түүний хэлснээр болж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” гэсэн тодотголтой явж ирсэн. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.


Энэ оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм. Нэмэлт өөрчлөлтийг батлахдаа энэ удаагийн парламент “Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөөх нийгмийн гэрээ юм” хэмээх УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн 2011 онд чуулганы индрээс хэлсэн үгийг гол зарчмаа болгон ажилласан. Энэ нь ч хууль боловсруулахаас эхлээд батлах хүртэл бүх шатанд тод томруун харагдсан. Тодорхой тоон баримтуудаас дурдвал, УИХ-ын гишүүд төслийн танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулж, 306 мянган иргэний санал хүлээн авчээ. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Улмаар УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэгтгэх Зөвшилцлийн ажлын багийг Ерөнхийлөгч Х.Баттулгаар ахлуулан байгуулсан юм. Уг ажлын баг таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, долоон удаа хуралдсан зэрэг тоон үзүүлэлт бий.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.


Баялаг ба ирээдүй


Газрын хөрсөн доороо алт, зэс, нүүрс, нефт зэрэг хязгааргүй их баялагтай, тал нутагтаа 70 сая малтай Монгол Улс өнгөрсөн хугацаанд “баялгийн хараал” туссан гэсэн таагүй үг сонссоор. Энэ нь ч байгалийн баялгаа зөв ашиглаж, иргэддээ тэгш хүртээж чаддаггүй, нөхөн сэргээлт хийдэггүй зэрэг бидний нүдэнд ил байгаа олон зүйлээс улбаатай. Тиймдээ Үндсэн хуулийн 6.2 буюу Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөөр илүү дэлгэрүүлэв. Бүр тодруулбал, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн  заасан юм. Үүнд орсон хамгийн том Үндэсний баялгийн санд баялгаас төрд ногдох хувийг хуримтлуулан өнөөгийн болон ирээдүйн иргэдэд тэгш хуваарилах зарчим. Ингэснээр байгалийн баялгийг нэгдмэл бодлогогүйгээр ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тодорхойлсон урт хугацааны хөгжлийн бодлогыг баримтлах юм. Мөн байгалийн баялгийг ашиглахдаа эко системд эрсдэл учруулахгүй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажууллаа. Энэ нь эх орныхоо унаган байгаль, ан амьтдыг хамгаалах томоохон алхам байв.


УИХ-ын эрх ба хариуцлага


Олон жил ярьсан маргаан, мэтгэлцээнийг эцэслэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь энэ удаагийн УИХ-ын түүхэнд бичигдэх алхам байв. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших үе үеийн УИХ иргэдийн дунд нэр хүнд сайнгүй байсаар ирсэн. Тиймээс ч парламентын шинэчлэлийг зоримог хийж, ард түмний засаглах эрхийг хангах шаардлагатай байгаа талаар олон жил ярьсан. Үүнийг ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны гуравдугаар сард чуулганы индрээс хэлсэн үгэндээ онцолж байв. Харин Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийг зорьж, 10 заалтад өөрчлөлт оруулсан. УИХ-ын ээлжит чуулганы хугацааг 50 хоног байсныг 75 болгон нэмэх, асуудлыг олонхын зарчмаар шийдвэрлэх, хууль санаачлагчдын эрх, үүргийн хязгаарыг тогтоох зэргээр олон заалтыг өөрчиллөө. Үүнээс хамгийн онцлох заалт нь УИХ хугацаанаас өмнө тарах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой заалт байв. Тодруулбал, өмнө нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон тохиолдолд эгүүлэн татдаг байсан. Харин энэ удаад УИХ-ын гишүүн өргөсан тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах заалт нэмлээ. Ингэснээр гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, улсынхаа эрх ашгийг эрхэмэлэх, ёс зүйн алдаа, эндэгдэл гаргахгүй байх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм.


УИХ-ын сонгуулийн дараа эсхүл Засгийн газар огцорсны дараа улс төрчид, намуудын эрх ашгийн зөрчлийн улмаас дараагийн Ерөнхий сайдыг томилохгүй удах тохиолдол олон байв. Улс төрд энгийн үзэгдэл мэт болсон энэ байдал улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын ажлуудыг удаашруулах гол шалтгаан байсаар ирсэн. Жишээ татвал, 1998 оны долоодугаар сарын 24-нд Засгийн газар огцорсон боловч дараагийн Ерөнхий сайдыг томилох гэж 5 сар болсон түүх бий. Тэгвэл энэ алдааг залруулахаар Ерөнхий сайдыг огцорсноос хойш дараагийн хүнийг гуч хоногийн томилдог байх, томилоогүй тохиолдолд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан юм. 


Жил бүрийн улсын төсвийг батлах үед УИХ-ын гишүүд тойрогтоо бүтээн байгуулалтын болон бусад ажил өрнүүлэх зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийг өөрчлөн их хэмжээний зарлага нэмдэг. Үүний улмаас төсвийн алдагдал хэдэн их наядаар тоологдож, улс эдийн засгийн хүндрэл орох нь элбэг. Харин энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэхгүй байх зохицуулалтыг тусгалаа. Энэ нь  улсын төсвийг боловсруулах, батлахдаа Засгийн газар, УИХ аль аль нь хариуцлагатай хандах хөшүүрэг болж буй юм.


Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулиас өмнөх нэг жилийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалт тусгаснаас гадна улс төрийн нам байгуулах босгыг өндөрсгөв. Монгол Улсад одоогоор 34 улс төрийн нам ажиллаж буй. Үүнээс гадна Монголын Үндэсний Сэргэн Мандал, Үйлдвэрчний Эв Нэгдэл, Монголын Төв нам зэрэг нам улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргаад буй. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд, энэ олон улс төрийн хүчин байх нь улс төржилт, талцал, хуваагдлын эх үндэс болж буй. Одоогоор улс төрийн нам улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргахдаа 801 гишүүний гарын үсэг цуглуулах ёстой. Харин шинэ зохицуулалтаар сонгуулийн эрх бүхий буюу 18-аас дээш насны нийт иргэдийн нэг хувиас олон иргэд эвлэлдэн нам байгуулах боллоо. Монгол Улсад сонгуулийн насны 2 сая 114 мянга 939 иргэн байгааг УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Тодруулбал шинэ намыг улсын бүртгэл бүртгүүлэхдээ 21 мянга 150 иргэний гарын үсэг цуглуулах шаардлагатай болж буй юм. Энэ нь улс төрийн нам байгуулах босгыг өндөрсгөсөн том алхам. Түүнчлэн намын  орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх ёстойг Үндсэн хуульд тусгалаа.


Ерөнхий сайдад олгосон эрх мэдэл ба тогтвортой Засгийн газар


Аливаа улс бүрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг гол төрийн институт бол Засгийн газар. Тиймдээ Засгийн газар тогтвортой байх ёстой. Гэтэл Монгол Улсад сүүлийн зургаан парламентын үед 14 Засгийн газар солигдсон байна. Харин ХБНГУ-д Ангела Меркель 2015 оноос хойш засаглаж байна. Тиймээс бид бусад орны жишгээр Засгийн газраа тогтвортой байлгаж, бодлогоо урт хугацаанд боловсруулдаг байх нь чухал гэдгийг өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “ДеФакто” мэтгэлцээнд оролцохдоо дурдаж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь том сэдэв ч гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тэлэхэд чиглэсэн юм.


Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд УИХ хяналт тавих үндсэн зарчимтай. Гэтэл манай улсын Засгийн газарт ихэвчлэн УИХ-ын гишүүд ажиллах болсон. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө ажилд хяналт тавьдаг болсон гэсэн үг. Үүний улмаас хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдаж буй. Тиймээс Үндсэн хуулийн 39.1-т Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоолоо.


Ерөнхий сайд танхимаа байгуулахдаа Засгийн газрын гишүүдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлж, томилуулдаг. Ингэснээр Засгийн газрын гишүүд улс, нийгмийнхээ эрх ашгийн төлөө бус томилсон УИХ-ынхаа гишүүдийн хэлснээр ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Үүнээс гадна Засгийн газар танхимын зарчмаар нэгдсэн бодлого, шийдвэртэй ажиллаж чаддаггүй тухай шүүмжлэл ч гардаг. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг байх зохицуулалтыг Үндсэн хууль тусгалаа. Харин танхимын гишүүд УИХ-д тангараг өргөх юм. Мөн Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох заалт тусгаснаар сайд нар нэгдмэл зорилготой, хариуцлагатай, танхимын зарчмаар ажиллах шаардлагатай болж буй юм.


Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид сонгогдсон хүн нэг удаа улиран сонгогдох боломжтой. Үүний улмаас Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд хэт улс төржиж, УИХ, Засгийн газрын ажилд тушаа болох нь элбэг. Харин нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил  эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажиллах байдал зогсох юм.


Шүүхийн эрх мэдэл болон хараат бус байдал


Монгол Улсын шүүхийн хараат бус байдал алдагдаж хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг хэсэг бий болсныг иргэд ч, УИХ-ын гишүүд ч хэлдэг. Иргэний эрх, эрх чөлөөг хангах, гэмт хэрэг зөрчилд оноох ялыг үнэн зөвөөр шийдвэрлэх учиртай гол албан тушаалтнууд өөрсдөө гэмт хэрэгт холбогдож байгаа нь үүнийг нотолно. Энэ бүхний тод жишээ нь өнгөрсөн онд дуулиан дэгдээсэн Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлига авсан 10 гаруй шүүгчийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй. Тиймээс эхний ээлжинд шүүгчийн хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх, тэднийг хамгаалах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд тусгав. Эрх ашгийг нь хамгаалсан бол давхар хариуцлагын асуудал ч сөхөгдөх нь мэдээж. Тиймдээ ч хууль зөрчиж, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцох Шүүхийн сахилгын хороо байгуулах заалтыг нэмсэн юм. Үүнээс гадна шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүртээмжтэй болгох зорилгоор шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг тусгалаа.


Нутгийн удирдлагын эрх болон хотын статусын асуудал


Монгол Улсын хүн амын 50 хувь Улаанбаатар хотод амьдарч байна. Хотын хэт төвлөрлийг сааруулах, суурин соёл иргэншлийг хөгжүүлэх гол гаргалгаа нь бусад аймгийн төвийг хөгжүүлэх. Дархан, Эрдэнэт зэрэг харьцангуй хүн ам олонтой газруудыг хотын статустай болгон хөгжүүлэх талаар олон жил ярьсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Дархан, Эрдэнэт бус бусад бүх аймгийн төвийг хотын статустай болгох үндсэн нөхцөлийг бүрдүүллээ. Улмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийг өөрчлөх асуудлыг нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийддэг байсныг хялбарчлав. Тодруулбал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийг өөрчлөхдөө зөвхөн иргэдийн саналыг үндэслэж, Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийддэг болсон юм. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлага хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байхаар Үндсэн хуульд тусгасан. Ингэснээр орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал сайжрах боломж бүрдэж буй юм.


Олон жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаараа энэ удаагийн парламент нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлэх түүхэн үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч Х.Баттулга уг өөрчлөлтийн эхийг ёсчлон баталгаажуулахдаа онцолж байв. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчилсон юм.


Үндсэн хуулийн үг бүр бие даасан хууль болдог тул “Эцэг хууль” хэмээн дээдэлдэг. Тиймээс ч одоо УИХ болон Засгийн газарт бусад хууль, тогтоожийг “Эцэг хууль”-ийн өөрчлөлтөд нийцүүлэх чухал үүрэг үлдэж буй. УИХ-ын чуулганы энэ сарын 9-ны ээлжит хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлнэ. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, УИХ-ын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай 22 хуулийг шинээр буюу нэмэлт, өөрчлөлт оруулан батлах юм. Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг батална. Харин Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 7 хуулийн төсөл боловсруулж, батлуулна.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн:

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Холбоотой мэдээ