Боловсролын чанарын үзүүлэлтээр тэргүүлэх аймаг болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-07 15:18:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн боловсролын салбарт өнгөрсөн онд чамгүй өөрчлөлт, шинэчлэлт өрнөжээ.

2019 онд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулж, боловсролын чанарын үзүүлэлтийг тэргүүлэх аймгуудын хэмжээнд хүргэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд ”Робокон-Баянхонгор”,  “Хос бичигтэн”, “Англи хэлтэй-Баянхонгор”, Насан туршийн боловсролын төвийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах, иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах зорилтуудын хүрээнд зургаан ажил арга хэмжээг төлөвлөн 90 хувьтай хэрэгжүүлсэн байна.

“Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, СӨБ-ын болон ЕБС-ийн багш нарын мэргэжлийн түвшин, суралцагчдын мэдлэг, чадварын түвшинг  дээшлүүлэх Боловсролын чанарын үнэлгээг улсын дунджаас бууруулахгүй, улсын шалгалтын дунджаас 10 хувиар ахиулж, ЭЕШ-ын оноогоор эхний 10 байрт орох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд боловсролын чанарын үнэлгээгээр улсын хэмжээнд "Номун далай" лаборатори сургууль, "Соого сейко" сургууль, Баацагаан, Жинст, Шинэжинст, Бөмбөгөр сумын сургуулиуд улсын дунджаас дээгүүр /улсын дундаж 37.1, аймгийн дундаж 37.8/ шалгагдаж улсын хэмжээнд аймаг дөрөвдүгээр байрт, "Номун далай" лаборатори сургууль 2019 оны Монгол Улсын "Топ 20" сургуулийн нэгээр тус тус шалгарчээ.

Мөн онд “Залуу багш нарын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж 30 сургууль, 36 цэцэрлэг, политехник коллежийн 342 залуу багшийг оролцуулж, залуу багш нарыг урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор шилдгийн шилдэг 12 багшийг тус бүр нэг сая төгрөг, шилдэг 13 багшийг тус бүр 500.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

Энэ онд тус амжилтаа бататган, ахиулах замаар улсын дунджаас дээгүүр үнэлгээтэй, боловсролын чанарт ахиц гаргасан аймаг болохоор ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ