Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 300 гаруй өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-07 15:09:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2019 онд Баянхонгор аймаг ард иргэдээ ажилтай орлоготой болгох замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлжээ.

Мөн онд 10 сумын 18-45 насны 100 өрхийг 100-120 малаар буюу 11 мянган толгой малаар малжуулж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн байнгын ажлын байраар хангасан байна. Олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр гурван сумын 86 өрхийг 2080 толгой малаар, сумд өөрсдийн нөөц боломжоор 227 өрхийг 6979 малаар, нийт аймгийн хэмжээнд 327 өрхийг 18.779 малаар малжуулсан дүн гарчээ.

Түүнээс гадна орон нутгийн төсвийн 50 сая төгрөгөөр 30 өрхөд тус бүр 0.4 га газрыг олгон хашаа, гүн өрмийн худаг, усжуулалтын систем, цахилгаан эрчим хүч, таван төрлийн суулгацаар ханган байнгын арчилгааг хийлгэж мэргэжлийн агрономичийн удирдлага дор төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Тодорхой эрхэлсэн ажилгүй 4 болон түүнээс дээш ам бүлтэй залуу гэр бүлүүдийн өрхийн нэг гишүүнийг төрийн болон төрийн өмчит, ОНӨҮГ-т  байнгын ажлын байранд зуучлах зорилтын хүрээнд 2870 өрхийн судалгааг гарган 87 иргэнийг зуучилж байнгын ажлын байраар хангасан байна. Нийгмийн гурван талт зөвшлийн 2018-2019 оны хэлэлцээрийг хийж, аймгийн хэмжээнд 2794 ажлын байранд 2591 иргэнийг зуучилсны 76 хувь нь байнгын (уул уурхайн компаниудад), 24 хувь нь түр ажлын байраар хангагджээ.

Дуулгахад, Холбогдох төсөл хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд иргэд аж ахуйн нэгж, олон улсын байгуулллагуудын хандив, тусламжаар зорилтот бүлгийн, орон гэр зайлшгүй хэрэгцээтэй байгаа 250 гаруй айл өрхийг өргөө цагаан гэртэй болгосон байна.

Холбоотой мэдээ