АНУ-ын хүн амын өсөлт удааширчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-12-31 13:04:34

ВАШИНГТОН. /Hill/. Улиран одож буй 2019 онд АНУ-ын хүн ам сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн бага хурдацтайгаар өссөн тухай тус улсын Хүн амын тооллогын товчооны тайлан мэдээнд дурджээ.


Тооллогын товчооны хэвлэлийн албанаас мэдээлснээр, өнгөрч буй онд АНУ-ын хүн амын тоо 1.5 сая орчим хүнээр нэмэгдсэн нь Дэлхийн нэгдүгээр дайнаас хойших хүн амын өсөлтийн хамгийн доод үзүүлэлт бөгөөд 2019 онд америкчуудын тоо 328 сая болсон байна.


АНУ-ын ердөө найман муж улсад төрөлтийн түвшин өссөн хэвээр байгаа бол 42 муж улс болон нийслэлийн хотын тойрогт энэ жил төрөлтийн түвшин 2018 оны оны үзүүлэлтээс доогуур гарчээ. Хүн амын тооллогын товчооны тайланд дурдсанаар, Мэн, Нью-Хэмпшир, Вермонт болон Баруун Виржиниа гэсэн дөрвөн муж улсад нас баралт төрөлтийн түвшнээс давсан байна.


“Хэдийгээр хүн ам жамаараа өсөх нь АНУ-ын хүн амын өсөлтийн үндсэн шалтгаан боловч сүүлийн таван жил удааширсан. Байгалийн жамаараа өсөх буюу төрөлт нь нас баралтаас давсан тохиолдол хэдэн арван жилийн хугацаанд анх удаа 2019 онд нэг сая хүнээс доогуур үзүүлэлттэй гарлаа” гэж тус улсын Хүн амын тооллогын товчооны мэргэжилтэн Сандра Жонсон ярьжээ.


Үүнээс гадна, олон улсын цагаачлалын шилжилт хөдөлгөөн буурсан нь хүн амын өсөлт саарахад нөлөөлсөн байна. 2019 онд АНУ-д цагаачлах иргэдийн тоо 592 мянга болж буурсан бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт ажээ. Тэгвэл 2015-2016 онд энэ тоо 1 саяас давж байжээ.


Холбоотой мэдээ