БНАСАУ зул сарын баяраар АНУ-д "бэлэг" барьсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-12-27 10:45:41

ВАШИНГТОН. /CNN/. Зул сарын баяраар БНАСАУ ямар нэгэн “гэнэтийн бэлэг”-ийг АНУ-д барьсангүй. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун зэвсгийн туршилт явуулахгүй байх шийдвэр гаргасан нь АНУ-ын эрх баригчдыг гайхшруулсан байна. 


БНАСАУ-ын “зул сарын бэлэг” зэвсгийн туршилт байж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны төлөөлөгчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж, тагнуулын индикаторуудыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн холбогдох албаны төлөөлөгчид зул сарын баярын дараагийн өдрүүдэд мөн ажиглалтаа үргэлжлүүлэх ажээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ зул сарын баяраар өдөөн хатгасан туршилт явуулж болзошгүй байсан бөгөөд тагнуулын тайлангуудаас үзэхэд зарим зэвсгийн бүрдэл хэсгүүдийн байршил өөрчлөгдсөн байсан ажээ. Үүнээс гадна БНАСАУ-ын одоогийн удирдагчийн төрсөн өдөр нэгдүгээр сарын эхээр болдог тул тус хугацаанд зэвсгийн туршилт явуулж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


“БНАСАУ-аас илгээсэн ямар ч гэнэтийн бэлгийг хүлээн авж, зохицуулахад бэлэн байна. Ким Жөн Ун пуужингийн туршилтын оронд сайхан ваар илгээж ч магадгүй юм” гэж Д.Трамп энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ