Өлзийт сум спорт заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-25 22:03:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өлзийт сум шинэ спорт заалтай болж, энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.

Улсын төсвийн 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт заал нь 22х30 метрийн хэмжээтэй, 250 хүний суудалтай, сагсан болон гар бөмбөгийн стандарт талбайтай, дугуйлан секц хичээллүүлэх болон фитнесс чийрэгжүүлэлтийн өрөө тасалгаатай аж. Энэ нь Өлзийт суманд сүүлийн 13 жилд хийж байгаагүй томоохон бүтээн байгуулалт гэдгийг удирдлагууд хэлж байв.

Тус сумын хүүхэд, залуучууд спортод идэвхтэй оролцдог болсон, ялангуяа сагс, гар бөмбөгийн спортоор хичээллэх сонирхолтой бөгөөд бэлтгэл хийх, тоглох заалтай болсондоо маш их талархаж байлаа. Сургуулийн хуучин заал нь 44 жилийн өмнө барьсан, шалнаасаа дулаан алддаг, хана, тааз цуурайтдаг стандарт бус байсан юм. Спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, аймгийн БТСГ-ын дарга Б.Энхтөр болон сумын удирдлага, иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ