Эквадорт байгалийн гамшигт амиа алдагсдын тоо нэмэгдсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-20 09:33:38

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Эквадорт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 499-д хүрч нэмэгдсэн тухай тус улсын Ерөнхий прокурорын газар мэдээлжээ. 

“Мягмар гарагийн 15 цагийн байдлаар прокурорын газар газар хөдлөх үеэр амиа алдсан 499 хүний цогцос байгааг бүртгэлээ” гэж тус байгууллагын “Twitter” сүлжээнд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна. 

Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн ярьснаар, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцогсод газар хөдлөлтийн дараа амьд үлдсэн 54 хүнийг нурангин дороос гаргаж чаджээ.

Албан ёсны мэдээллээр, одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний 499-д хүрсэн бол 4000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлтөөс учирсан хохирол одоогоор 3 тэрбум долларт хүрчээ.

Дэлхийн 10 гаруй орон аврагчид болон хүмүүнлэгийн тусламжийг Эквадорт илгээжээ. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа улс орныг сэргээн босгоход хэдэн жилийн хугацаа орно гэж Эквадорын эрх баригчид урьдчилан тооцоолжээ. 

Тус улсын нутгийн баруун хойд хэсэгт оршдог Манаби мужийн Педерналес хот орчимд дөрөвдүгээр сарын 16-нд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь 1979 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ