Шүүлтүүр хэрэглээгүй уурын зуухтай ААН-ийг 1.5 саяар торгов

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-12-18 13:53:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс халаалтын уурын зуухнуудыг шалгасан талаар өнөөдөр мэдээллээ. 

Нийт 404 уурын зуухыг шалгахад утаа шүүлтүүр тавиагүй 9, шүүгч нь эвдэрсэн 17, нүүрсээ ил задгай хадгалж буй 18, камергүй 8 ААН байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Хяналт шалгалтад Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй 53, зөвшөөрөлгүй 140 ААН-ээс гадна сайжруулсан түлш болон бусад эх үүсвэрээс халаалтаа шийдвэрлэсэн, үйл ажиллагаа нь зогссон улирлын шинж чанартай 65 иргэн, ААН, байгууллага хамрагджээ.


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс байгууллагууд түүхий нүүрс түлж байна гэх гомдол тасрахгүй байна. Шалгалтаар уурын зууханд шүүлтүүр байгаа боловч ажиллуулдаггүй, ажиллуулдаг ч засварлаагүй зөрчил дутагдал байна. Түүхий нүүрсийг шүлтүүргүй түлсэн ААН-ийг 1.5 сая, иргэдийг 150 мянган төгрөгөөр торгосон” гэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас утаа шүүгч байрлуулах шаардлагатай уурын зуухнуудын судалгааг гаргаж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлжээ. 


Үүгээр 290 уурын зууханд утаа шүүгч байршуулахаар болсон байна.


Мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар 89 ААН, байгууллагын 340 орчим тонн нөөцөлсөн түүхий нүүрсийг битүүмжилж хураагаад байна.

Улаанбаатар хотод ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад 16-100кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай ААН, хувь хүн, айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглох талаар мэдэгдлээ.

Холбоотой мэдээ