Говьсүмбэр аймаг аялал жуулчлалыг "Боржигин" өв соёлтой уялдуулан хөгжүүлж байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-12-18 14:33:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймагтай хиллэдэг Говьсүмбэр аймаг дэд бүтэц, байгалийн зүй тогтол хийгээд "Боржигин" өв соёлд тулгуурлаж аялал жуулчлалыг аймгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

Монгол Улсад “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр” баталсантай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны 74 дүгээр тогтоолоор “Аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлж буй.

Тус аймагт аялал жуулчлалын салбар хэрхэн хөгжиж буйг тоймлон хүргэе. Гадаад8 дотоодын аялагч жуулчдын тав тухыг хангах, чанартай үйлчилгээ хүргэх зорилгоор жуулчны бааз байгуулах асуудлыг бодлогоор дэмжин газрын асуудлыг шийдвэрлэж “Цайны зам пикчерс” ХХК, “Жанжин Чойрын Данжин Сахиус” ТББ-д  тус бүр нэг га талбайг эзэмшүүлснээр “Жанжин Чойрын Данжин Сахиус” ТББ “Боржигин” голомт цогцолборыг 2018 онд байгуулан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

2018 онд Цоорхойн рашаан тохижилт, Чойрын богд уул Байгалын нөөц газар, Хаялга нуурын орчимд жуулчны зам дагуу түр буудаллах цэг байгуулжээ.

Жил бүр болдог улс, олон улсын чанартай “International Travel Mart”, “Улаанбаатар Экспо”, “Хорека” зэрэг үзэсгэлэн, яармагт аймгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүд оролцдог уламжлалтай болжээ.


“Боржигин” соёл аялал жуулчлалын тулгуур


Говьсүмбэр аймаг бол Монголын эзэнт гүрний үе, эзэн Чингис хааны удам боржигин угсааныхны төв нутаг юм.

Тийм учраас аялал жуулчлалын салбарыг "Боржигин" соёлтой уялдуулан хөгжүүлэх бодлогыг орон нутгаас баримталж байна. 

Аймгийн БОАЖГ-аас 2019 оны долдугаар сарын 26-28-нд БОАЖЯ-ны  дэмжлэгээр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол ёс зан заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Боржигин 2019” өв соёлын эвент арга хэмжээг хамтран зохион байгуулжээ.

Боржигин өв соёлыг дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагаанд Боржигин сэцэн вангийн хошуунд харьяалагдаж байсан таван аймгийн 12 сумын 280 гаруй соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгчид, ардын авъяастан, гар урчууд оролцож “Боржигин түмний өв соёл, зан заншил, ёс уламжлалыг харуулсан соёлын үзүүлбэрийг отгийн зохион байгуулалтаар дэглэсэн нь олны сонирхлыг татжээ.

Үзүүлбэрээр нийт 12 сумын боржигины өв соёлын тоглолт, боржигин морин хуур, эмээл, байшингаар музей байгуулан наадамчин олон болон жуулчдад үзүүлж сонирхуулсан байна. Оролцогчдоос Дундговь аймгийн Цагаандэлгэр сум “Боржигин найрын дэг, ёс жаяг” тэргүүн байр, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Боржигины хуримлах ёс” дэд байр, Дундговь аймгийн Баянжаргалан сум “Шагайн харваа, шагайн наадгайн зан үйлээр гутгаар байрт тус тус шалгарсан байна.

Мөн соёл урлагийн үйл ажиллагааг экобус болон ердийн хөсөг тэмээн тэрэг, байгальд ээлтэй байдлаар шийдсэн нь олны таашаалд нийцсэн аж.


Аялал жуулчлалын маршрут баталжээ


Говьсүмбэр аймагт зочилсон аялагч жуулчид ямар замаар явж  юу үзэж сонирхож болох талаар аймгийн Засаг даргын  захирамжаар баталсан  аялал жуулчлалын маршрутыг  танилцуулж байна.

Ойрын зайн хүрээнд Чойр-Хүрийн ногоон-Шивээгийн булаг/Хаялга нуур/-Цоорхойн рашаан-Чойр гэсэн чиглэлд аялж болно. Энэ хэсгийн аялал  66 км.

Харин дундын зайд Чойр-Хүрийн ногоон-Шивээгийн булаг/Хаялга нуур/-Цоорхойн рашаан-Чойрын богд уул /Цагаан дарь эх, Дагвасүндэл бурхан, Хүүхдийн овоо, Уулзварын гол, Төмөр утасны хороо/- Сансар уул-Чойр гэсэн чиглэл бий. Аяллын нийт замын урт 94 км 

Холын зайд Чойр-Хүрийн ногоон-Шивээгийн булаг/Хаялга нуур/-Цоорхойн рашаан-Чойрын богд уул/Цагаан дарь эх, Дагвасүндэл бурхан, Хүүхдийн овоо ,Уулзварын гол, Төмөр утасны хороо/-Чингэлийн хад-Сүмбэр уул-Сансар уул-Зараагийн өврийн хүн чулуу-Чойр гэсэн чиглэл. Энэ чиглэлд нийт 180 км аялах боломжтой.

 


                                                                                                                            Чойрын богд уул


Чойрын богд хайрхан олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар. Далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон уул. 1923 оноос Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуу гэж нэрлэж байжээ.

Оцол гэдэг нь төвд хэлний “Гэгээн гэрэлт” гэсэн үг гэж судлаачид тэмдэглэсэн байх боловч энэ нэр хожуу сангийн судар зохиох үед бий болсон гэж шаштирт тэмдэглэжээ.

Чойрын Богд хайрханыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын богд уулнаа түүх соёлын давхарга, шашны соёлыг хадгалсан дурсгалууд бий.


Чойрын хүн чулуу


Аймгийн төвөөс 15 км орчимд  байх Сансар хайрханы орчмоос 1928 онд олдсон Түрэгийн үеийн дурсгал болох Чойрын хүн чулуу нь одоогоор Монголын Үндэсний Түүхийн музейд “Чойрын хүн чулуу” нэрээр хадгалагдаж байна. Чулуун дурсгал нь 700-715 оны үед холбогддог гэж эрдэмтэд таамагладаг. Эртний Түрэгийн рүни бичгээр 72 ширхэг үсэг сийлж, янгир дүрст  2-3 тамга дүрсэлжээ.

Түрэг судлаач эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн бичигт хүн чулууны бичээсийг анх тайлан унших оролдлого хийсэн судлаач бол Монголын нэрт эрдэмтэн Б.Ренчин  аж.


Хүрийн ногоон нуур




Хүмүүс нуурын ус болон шаврыг хулуу, шар ус, үе мөч, арьсны зарим өвчинд сайн хэмээн нууранд орж шавар, усаар нь сувилан эмчилдэг бөгөөд энэ үеэр нуурын ойролцоох худгийн уснаас уудаг. Тус нууранд галуу, нугас, ангир, тогоруу зэрэг нүүдлийн шувууд ирдэг. Нуурын урт 100м, өргөн 60 радиустай.

 

Холбоотой мэдээ