Т.Батсүх: Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-18 14:25:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүхтэй аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.


- Прокурорын байгууллага 2019 онд дэвшүүлсэн зорилтуудаа хэрхэн биелүүлэв?

- Прокурорын байгууллага 2019 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүүхэд хохирсон гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажилласан. Оны эхний 11 сарын байдлаар 500 гаруй гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч шалгалаа. Үүнээс 100 орчим гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй биш байна гэж татгалзсан. Бусдыг хэрэг бүртгэлийн хэрэг нээж, үргэлжлүүлэн шалгаад явж байна. Мөн зөрчлийн шинжтэй 4500 гаруй гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэв.

- 2019 онд аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байв?

- Тус аймаг бол онц ноцтой, бусдыг айлган түгшээсэн гэмт хэрэг гарах нь харьцангуй бага аймаг шүү дээ. 2019 оны хувьд гэмт хэргийн нөхцөл байдал харьцангуй хөнгөн бөгөөд урьд онуудын түвшинд байгаа. Оны эхний 11 сарын байдлаар гурван хүн амины хэрэг гарсан. Эдгээр хэргүүд бол бүгд согтуугаар үйлдэгдсэн. Бусад хэргүүдийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, хулгайлах, залилах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэргүүд байна.

- Статистик мэдээнээс харахад залилах гэмт хэрэг 2018 онтой харьцуулахад 50 орчим хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдэж байна?

- Эрүүгийн гэмт хэрэг нийт дүнгээрээ өсөөгүй ч дотроо тодорхой төрлийн гэмт хэргүүд өссөн байгаа. Тухайлбал, залилангийн гэмт хэрэг. Урьд нь янз бүрийн сүлжээгээр дамжуулан залилан хийдэг байсан бол одоо энэ байдал өөр болсон. Хүний эрүүл мэндэд ашигтай эд бараа зарна, борлуулна зэрэг байдлаар залилж байна. Фэйсбүүк хаягаар залилан хийсэн тохиолдол ч бий. Хамгийн гол шалтгаан нөхцөл бол мөнгийг чинь хэд хоногийн дотор өсгөөд өгье, өндөр хүүтэйгээр буцааж өгье, цалин буусны дараа эсвэл банкнаас зээл авсны дараа өгье, орон байр барьж өгнө зэргээр хүмүүсийг итгүүлж мөнгийг нь авч байна. Мөн сүүлийн жилүүдэд мах, мах боловсруулах үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж, иргэдийн гараас бэлэн мөнгөөр малыг олноор авч байгаа. Үүнийг далимдуулж залилан хийсэн хүмүүс гарч ирж байна.

- Хүчиндэх гэмт хэрэг бас өссөн байна?

- Хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой харьцангуй олон гомдол мэдээлэл ирж шалгагдлаа. Дийлэнх нь тогтоогдож байна. Мөн насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон асуудал нэлээн гарч байгаа. Шалтгаан нөхцөлийг нь судлаад үзэхэд асуудал аль аль талдаа байна. Өөрөөр хэлбэл улаан цайм хүчиндчихсэн хэрэг маш цөөхөн. Холбогдох хүмүүсийг цагдан хориод, хэргийг шүүхэд шилжүүлээд явж байна. Хамгийн төвөгтэй  нь охид төрөл садан, ах дүү хүмүүстэй дотно харилцаатай болдог, бэлгийн харилцаанд орох сонирхолд хөтлөгддөг, таалагдсан хүнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг хүсдэг байдлаасаа хамаараад хэргийн тоо өсөж байна. Илрэх нь их ховор. Жирэмсэлчихээд эмнэлгийн байгууллагад очсон үедээ л  илэрдэг. Илрэх үед энэ хүн, тэр хүн хүчиндсэн гэж ярьдаг ч хэргийг шалгах явцад тийм тохиолдол биш байдаг. Өөрсдөө сайн дураараа бэлгийн харилцаанд орсон асуудлууд гардаг. Насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд сайн дураараа орсон ч энэ нь гэмт хэрэг болдгийг эрчүүд бас мэдэхгүй байна. Хэрэгт орчхоод дараа нь харамсаж байгаа тохиолдлууд бий. Тийм учраас эцэг эхчүүд өсвөр насны охидоо зөв хүмүүжүүлэх, нөхөн үржихүйн тухай анхнаасаа зөв ойлголт өгөх шаардлагатай байна.  

- Хүчиндэх гэмт хэрэг төв суурин газруудад олноор үйлдэгдэж байна уу, эсвэл хөдөө сумдад гарч байна уу?

- Голдуу аймгийн төвд бүртгэгдэж байгаа. Хөдөө гарах нь харьцангуй бага.   

- Анхаарал татсан өөр ямар хэргүүд байна?

- Урьд онуудад хууль бусаар мод бэлтгэх асуудал бага байлаа. Гарсан гэмт хэргүүдэд нэлээн хатуу хариуцлага тооцож байсан. Харамсалтай нь сүүлийн үед хүмүүс түлээ нүүрс худалдаж авч чадахгүй байгаагаас хууль бусаар мод бэлтгэх хэрэг их гарч байна. Тухайлбал, манайд харгана гэж ургамал бий. Өөрөө ховор ургамлын тоонд ордог. Үүнийг ард иргэд мэдэхгүйгээс болж түлээний зориулалтаар хамаагүй бэлдээд байгаа. Энэ төрлийн хэрэг харгана ихтэй Алтанцөгц, Баяннуур суманд гараад байна. Мөн Алтай, Цэнгэл сумын хил орчмын бүс нутгуудад шинэс мод ургадаг. Сүүлийн үед Алтай суманд шинэс модыг хууль бусаар бэлдэх хэрэг гарч байна. Шалтгаан нөхцөлийг нь судлахад, сумаас нь түлээний мод бэлтгэх гэж зөвшөөрөл олгодог. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас түлээний мод бэлтгүүлэх зөвшөөрөл олгож байгаа нь өөрөө буруу юм. Иргэд түлээний модны зөвшөөрөл авсныг далимдуулж нойтон мод огтлон оруулж ирж баригдаж байна. Өмнө нь бас иймэрхүү хэргүүд мэр сэр гардаг байсан. Уг асуудлаар Алтай сумын захиргаа, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа цаашид анхаарах хэрэгтэй байна.

- Бусад сумтай холбоотой анхааруулж хэлэх зүйл байна уу?

- Тус аймгийн Цэнгэл суманд гянт болдын уурхай ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сараас үйл ажиллагаа нь түр зогссон. Үйлдвэрийн ажил түр зогссон хугацаанд сумын иргэд уурхайн хамгаалалтын бүсэд нэвтэрч чулуу хулгайлж байна. Зарим нь 40 кг, зарим нь 100 кг чулуу хулгайлж баригдаад, эргүүлээд өгч байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулинд зааснаар хүний орон байранд, хамгаалагдсан байранд нэвтэрч хулгай хийх нь хэргийг хүндрүүлэх нөхцөл болдог. Тийм учраас 10 кг чулуу авсан ч, 5 кг чулуу авсан ч ялгаагүй хамгийн доод тал нь 1 жилийн хорих ял авдаг. Ард иргэд эрх зүйн мэдлэггүй байдлаасаа, мөн богино хугацаанд ашиг олж амьжиргаагаа залгуулах гэнэн бодлоосоо болж хэрэгт өртөж байна. Одоогийн байдлаар Цэнгэл сумаас 10 гаруй хүн гэмт хэрэгт холбогдож хэрэг нь шүүхэд шилжсэн, ял авах нь тодорхой болоод байна. Энэ бол харамсалтай хэрэг. Тухайн хүмүүсийг судалж үзэхэд амьжиргааны түвшин доогуур, ядарч зүдэрсэн, ам бүл цөөнтэй хүмүүс байгаа. Уг асуудлыг Цэнгэл сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, сумын Засаг дарга анхааралдаа авч, иргэдийг ялтан болохоос сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.  

- Тус аймагт нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оныхоос таван пунктээр өсжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Нийтийн албан тушаалтан хахууль авах, хүмүүс албан тушаалтанд хахууль өгөх, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах зэрэг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан хэргүүд тасрахгүй байна. Жил болгон гардаг. Уг асуудал Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилт дотор ч орсон. Бид албан тушаалын хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Ийм төрлийн хэрэг гарч байгаа гол шалтгаан нь албан тушаалтнууд хүмүүсийг ажилд томилохын тулд мөнгө аваад байна. Иргэдийн дунд ажилд ороход заавал мөнгө өгдөг гэсэн ойлголт хэвшмэл болжээ. Энэ байдлыг таслан зогсоох арга хэмжээ авах ёстой. Ажилд орохын тулд мөнгө өгсөн хүн нь авлига өгсөн гэдгээр эргээд өөрөө гэмт хэрэгтэн болдог.

Төрийн албаны тухай хуульд зааснаар авлигын гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн байх юм бол цаашид төрийн албанд ажиллах боломжгүй. Нийтийн албанд ажиллах эрхийг хоёроос доошгүй жилээр хасдаг шийтгэлүүдтэй. Бүх албан байгууллагууд авлигын эсрэг арга хэмжээ авч байгаа ч үр дүн бага байна. Иргэд өөрсдөө энэ асуудлыг өөгшүүлж байна. Ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээ авахад заавал хариу бэлэг барьдаг, юм өгдөг гэсэн ойлголт байна. Үүнийг аль аль талдаа анхаарах ёстой.

- Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ямар хэргүүд шалгагдаж байна?

- Хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтооход мөнгө төгрөг авдаг асуудал одоо ч байна. Үүнтэй холбоотой нэлээн олон тооны хэргүүд шалгагдаж байгаа. Хэргийн хамрах хүрээ нь өргөн учраас шалгалтын явц удаашралтай байна. Авлигатай тэмцэх газрын баруун гурван аймаг хариуцсан мөрдөгчтэй жил гаруй хамтран ажиллаж байгаа. Хэргийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэхэд нэлээн ач холбогдол өгч байна. Ер нь авлигын хэргийг шалгаж шийдвэрлэх нь төвөгтэй, илрүүлэх хэцүү байдаг. Хуурамч материал бүрдүүлдэг, хэргийг шалгах ажиллагаанд саад учруулдаг зэрэг бэрхшээлүүд байдаг учраас авлигын хэргийн мөрдөлт удаашралтай явдаг юм.

Та дээр  хүмүүсийг ажилд оруулна гэж мөнгө авч байна гэлээ. Мөнгийг удирдах албан тушаалтнууд авч байна уу, эсвэл гуравдагч этгээд оролцоод байна уу?

- Ер нь удирдах албан тушаалтнууд авч байгаа хэргүүд нэлээн байна.

- Авлигатай тэмцэх газраас танай байгууллагад хэдэн хэрэг шилжүүлсэн бэ?

- Нийтдээ 10 гаруй хэрэг шалгагдаад, одоо ажиллагаанд 6-7 хэрэг үлдсэн байгаа. Бусад нь шүүхэд шилжсэн.

- Төрийн албан хаагчдын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил хэр явж байна?

- Захиргааны ерөнхий хуульд зааснаар Аудитын байгууллага нэхэмжлэл гаргаж буруутай албан тушаалтнуудаас мөнгийг нэхэх ёстой. Цаашлаад төрийн байгууллагууд Прокурорын газарт хүсэлтээ гаргаж нэхэмжлүүлж болдог. Өнөөдрийн байдлаар манайд хүсэлт гаргасан байгууллага байхгүй. Төр хохирсон учраас төрийг төлөөлж Прокурорын байгууллага хэрэгт оролцож нэхэмжлэл гаргах бас хуультай. Одоогийн байдлаар нэхэмжлэл гаргуулаад шүүхэд хандсан юм байхгүй. Өнгөрсөн жил манай шүүхийн байгууллагаас нэлээн том судалгаа гаргаж, бид хамтран хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлгээс харахад 2017 оны байдлаар 600 гаруй сая төгрөгөөр төрийг хохироосон асуудал гарч ирсэн. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Дээрх мөнгөн дүн нэмэгдсэн гэж бодож байгаа. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Энэ асуудалд манай прокурорын байгууллага оролцоно.   

- Зөрчлийн тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрч байна. Та дээр 2019 онд зөрчлийн шинжтэй 4500 гаруй гомдол мэдээлэл хүлээн авсан гэж хэллээ. Зөрчил шийдвэрлэх хуультай болоод зөрчил багасах хандлага ажиглагдаж байна уу?

- Зөрчил багасаагүй, харин ч нэмэгдэж байна. Ялангуяа, манай аймагт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хулгай зэрэг гурван төрлийн зөрчил давамгайлан гарч байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг харахад л иргэд 200-гаад сая төгрөгөөр торгуулсан байна. Нийт дүнгээрээ 600-700 сая төгрөгийн торгууль оногдсон байгаа. Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын алба, гааль дээр иргэд маш ихээр торгуулж байна. Асуудлын гол нь мөнгө орж байгаад биш, ард иргэдийн халааснаас маш их мөнгө гарч байна. Иргэд захиргааны акт зөрчсөний улмаас тэр хэмжээгээр хохирч байна. Өнөөдөр жолоодох эрхтэй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдах юм бол эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаад, 400 мянган төгрөгөөр торгоно. Гэхдээ энэ 400 мянган төгрөг бол тэр өрхийн хувьд нэлээн хөдөлмөрлөж байж олдог мөнгө. Үүнийг ганц удаагийн болчимгүй үйлдлээс болж торгуульд өгдөг. Торгуулийн мөнгийг төлөөгүйгээс шүүхээс шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлж байна. Зөрчлийн тухай хууль бол маш хатуу.    

Торгуулсан хүмүүсийн дотор хоногийн хоолгүй, орон гэрийг нь авахаас өөр юмгүй хүмүүс зөндөө байна. Тэр айлаас авах юм гэр л байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу түүнийг авахаас өөр арга байхгүй болчихож байгаа. Би юу ярих гэж байна вэ гэхээр, Зөрчлийн тухай хуулийг сайн ойлгож судлах хэрэгтэй байна. Иргэд зөрчил гаргавал ийм шийтгэлтэй гэдгийг сайн мэдмээр байна. Хүн болгон төрийн албанд ажиллаж, тогтмол цалин авдаггүй. Ард иргэдийн 70-80 хувь нь өдөр шөнөгүй зүтгэж байж олсон мөнгөөрөө амьдарч байна. Бизнес нь цэцэглээд, ашигтай ажиллаж байгаа хүн бас цөөхөн. Тийм учраас өөрийнхөө зовж байж олсон мөнгөө торгуульд өгөөд байвал цаашид яах вэ гэдгийг ухаарах хэрэгтэй.

- Таны ярианаас харахад иргэд ихэнх тохиолдолд эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас зөрчил гаргаж, гэмт хэрэгт өртөж байна гэж ойлголоо. Нөгөө талаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохих түвшинд хүрэхгүй байна гэж дүгнэж болох уу?

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бүх нийтийн байх ёстой. Зөвхөн цагдаа, прокурорын ажил гэж орхиж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээмэл гараад байгаа хэргүүд, ялангуяа ял шийтгэл нь хүнд гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгөх асуудал дутмаг байна. Тухайлбал, энэ жил Алтай суманд нэг иргэн нэг килограмм зэрлэг саримс түүж ял авч байсан. Учир нь зэрлэг саримс нь Монгол Улсын хэмжээнд зөвхөн Алтай, Сагсай сумын хил дагуух нутгуудад ургадаг ховор ургамал байдаг. Үүнийг ард иргэд мэддэггүй. Дээр харганын талаар дурдсан. Орон байранд нэвтэрч хулгай хийх юм бол хамгийн доод тал нь 1 жилийн ял авна гэдгийг иргэд маань заавал мэдэж байх ёстой юм. Жишээлбэл, нэг айлд ороод 80 мянган төгрөгийн үнэтэй гар утас аваад гарлаа гэхэд, утасны үнээс үл хамааран хэргээ хүлээж, хохирлыг барагдуулсан ч хамгийн багадаа 1 жилээр хорих ял авна. Ялаа биеэрээ эдэлнэ. Иймээс бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилгаа явуулах зайлшгүй шаардлага байна.

- Шинэ он гарахад 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. 2020 онд ямар асуудлуудад түлхүү анхаарч ажиллах вэ?

- Шинэ ондоо хэрэг, зөрчил багатай, гай зовлонгүй сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Аймгийн хэмжээнд гарсан анхаарал татсан хэргүүдийн шалтгаан нөхцөлийг арилгуулахад чиглэсэн сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх ажлуудыг 2020 оны эхний улиралд өргөн далайцтай зохион байгуулна. Ер нь хүн болгон гэмт хэрэгтэн болъё гэж боддоггүй. Хүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа шалган шийдвэрлэх нь өөр асуудал. Гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Энэ чиглэлээр түлхүү анхаарч ажиллана гэж бодож байгаа.

Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ