Шинжлэх ухаан, технологийн хөрөнгийг 5 дахин нэмэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-17 09:34:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж буй хөрөнгийг ирэх 5 жилд 5 дахин нэмэх боломжтой. Ийм шаардлага байгаа хэмээн Засгийн газар үзэж байна.

Энэ талаар энэ жил болсон Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их чуулганы үеэр хөндсөн юм. Чуулганаар төр, засаг шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачдаа сонссон явдал нь нэг ахиц гарсан гэж үзэж буйгаа эрдэмтэд хэлж байна.


Манай улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ийн 0.5 хувьд ч хүрэхгүй, 0.12-0.16 хувийн, маш бага хөрөнгийг жилд зарцуулж байна. Тэгвэл манай улс шиг хөгжиж буй орнуудад ДНБ-ийн нэг буюу түүнээс дээш хувийг зарцуулдаг байна. Үүгээр харьцуулж үзвэл Монгол Улс дэлхийн дунджаас 10 дахин доогуур байгааг Монголын Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох хэлж байна. 

.


Монголын эрдэмтэн судлаачид дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулаад эхэлсэн. Тиймээс шинжлэх ухааны ололтыг амьдралд нэвтрүүлж, хүртээмжтэй болгох үүднээс үндэсний дотоодын эрдэмтдээ дэмжих шаардлага тавигдаж байна. Энэ үүднээс БСШУСЯ эрдэмтдээ үнэлж урамшуулж байх журмыг боловсруулаад байгаа талаар өнгөрсөн 7 хоногт болсон Залуу эрдэмтдийн Үндэсний 6 дугаар чуулган дээр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор Н.Мөнхбат мэдэгдсэн юм. Тэрээр, төр, засаг оюуны хөдөлмөр, эрдмийн бүтээлийг үнэлэх хандлага руу орж буйг мэдэгдсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ