Э.Цэндбаатар “Бөртэ чоно 2019” шагналын шилдгийн шилдгээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-14 10:16:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно - 2019" тэргүүн дээд наадмын ёслол баасан гараг /2019.12.13/-ийн үдэш Корпорэйт-2 зочид буудлын Конвеншн центрт болов.


2002 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулж буй "Бөртэ чоно" наадмын шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүлчдийн санал асуулга болон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.


“Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр “Эрхэт Монгол” медиа группийн харьяа Zindaa.mn мэдээллийн сайтын Соёл урлаг, спортын мэдээллийн албаны дарга, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ тодорлоо. М.Сугар-Эрдэнэ “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн сумо бөхийн мэдээллийг япон хэлнээс анхлан орчуулж, Монголын үзэгч, уншигчдын хүртээл болгож байсан бөгөөд орос, япон, англи хэлнээс спортын мэдээллээ бэлтгэдэг шилдэг спортын сэтгүүлч юм. Тэрбээр 2019 онд 2000 гаруй спортын мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэн уншигчдад хүргэжээ.


“Бөртэ чоно-2019” наадмын спортын шилдгүүдийг танилцуулж байна.


Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг

Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб

Шилдэг шүүгч:  Р.Жаргалсайхан /хөлбөмбөг/, Э.Саруул /байт харваа/

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо

Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олимпын академи

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо

Шилдэг олимпын бус төрлийн холбоо Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо

Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Спорт холбооны шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын гимнастикийн холбооны ЕНБДарга Г.Ерөөлбат

Спорт холбооны шилдэг Ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл

Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат /буудлага/

Шилдэг дасгалжуулагч: С.Тулга /3х3 сагсан бөмбөг/

Оны шилдэг залуу тамирчнаар Л.Сосорбарам /жүдо бөх/ шалгарлаа.


Шилдэг тамирчдыг болон шилдэг багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. “Монголын спортын сэтгүүлчдийн холбоо”-ны 70 сэтгүүлч тамирчдын төлөө саналаа өгч, энэ оны шилдгүүдийг нэрлэлээ.


“Бөртэ чоно - 2019” шагналын Оны шилдэг багаар 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тодорлоо.

Оны шилдэг эрэгтэй тамирчнаар Д.Дэлгэрням /сагсанбөмбөг/, Л.Отгонбаатар /жүдо/ нар шалгарлаа.

Оны шилдэг эмэгтэй тамирчнаар  С.Батцэцэг /чөлөөт бөх/, М.Уранцэцэг /жүдо/ нар тус тус шалгарав.


“Бөртэ чоно - 2019” шагнал гардуулах ёслолын хамгийн оргил үе болох Оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчныг тодруулахад хүндийг өргөлтийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг тодорсон бол 2019 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар шалгарлаа.


Улмаар энэ оны шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаас хамгийн олон санал авсан нь энэхүү наадмын Тэргүүн дээд шагнал болох шилжин явах  “Бөртэ чоно” цомын эзэнг тодруулахад Э.Цэндбаатар шалгарч уг хүндтэй цомыг гардан авлаа.


Ташрамд дуулгахад, Монголын боксчдоос өнгөрсөн 2018 онд эмэгтэйчүүдийн  ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг тус цомыг авч байсан бол энэ жил Э.Цэндбаатар дахин хүртлээ.















Холбоотой мэдээ