Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-13 16:46:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.


Хуулийн төслийг дагалдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байгаа юм. 


Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой ч сүүлийн үед иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтуудыг оновчтой, тодорхой болгох, түүнчлэн биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, илт худал мэдээллийг тараах зэрэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зохицуулжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь шийтгэдэг байх өөрчлөлтийг тусгасан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баделхан, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, М.Билэгт, Б.Энх-Амгалан нарын гишүүн асуулт асууж тодруулсан. Гишүүд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын алдаанаас болж гэмт хэрэгтэн ял завшиж байгааг тэмдэглэж, Эрүүгийн хуульд үүнийг хэрхэн зохицуулсныг тодруулж байв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариултдаа, Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүртэл тоолох шинэ зохицуулалт тусгасныг онцлов.

Үүнээс гадна мөрдөн шалгах хугацааг тооцохдоо, ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин үржүүлэхээр зохицуулсныг тэмдэглэлээ. 


Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, сүүлийн үед залуус, хүүхдүүд хар тамхи хэрэглэх явдал нэмэгдэж байгаа судалгаа байгааг дурдаад, энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр үүнд хариу арга хэмжээ авах шинэ зохицуулалт тусгасан эсэхийг лавлалаа. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис, түүнийг хууль бусаар олж авах, тээвэрлэх гэмт хэргийн ялыг хүндрүүлж, цаашлаад бүх насаар нь хорьдог байхаар зохицуулж байгааг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. Харин хар тамхи зөвхөн хэрэглэсэн этгээдэд ял онооход хүндрэл гарч байсныг тэмдэглээд, энэ өөрчлөлтөөр тэдгээр хүмүүст хар тамхи хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж гарч байгааг тайлбарлалаа. 


Ингээд эдгээр хуулийн төслийн ажлын багаас гарсан зарчмын зөрүүтэй 88 саналын томьёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслийн талаарх 11 саналаар санал хураах байсан. Гэвч төслийн бусад ажлын багийн хуралдаантай давхцаж байгаа тул санал хураалтыг хойшлуулснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ