Ахлагч нар баяраараа зорилтот бүлгийн өрхүүдэд тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-12 21:35:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Цагдаагийн байгууллагын “Ахлагч нарын баярын өдөр”-ийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын ахлагчид зорилтот бүлгийн өрхүүдэд тусламж үзүүллээ. Тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 50 орчим хувийг ахлагчид эзэлж байна.

Тэд сонгосон өрхүүддээ түлээ нүүрс болон хүүхдийн хичээлийн бүтэн жилийн хэрэгсэл, шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан иж бүрэн чимэглэлтэй гацуур мод, бэлэг зэргийг гардуулан өгсчээ.

Цагдаагийн газрын дэргэдэх ахлагч нарын зөвлөл байгуулагдаад зургаан жил болж байна. Бид жил бүр баяраа тэмдэглэдэг ч энэ удаад арай шинэлэг хэлбэрээр, өөрөөр хэлбэл баярынхаа өдөр бусдыг баярлуулъя гэж шийдсэн. Сонгосон өрхүүд маань ч үнэхээр бидний бэлдсэн зүйлс хэрэгтэй айл өрхүүд байсанд баяртай байна. Ер нь манай ахлагчид ямар нэг үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Бид хамт олноороо сэтгэл, гар нийлж олон ажлын ард гардаг. Миний хувьд ахлагч нарын зөвлөлийн даргын ажлыг аваад удаагүй байна. Цаашид хамт олноо идэвхжүүлэх ажлаас гадна хүмүүнлэг, тусламжийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Ахлагч нарын зөвлөлийн дарга, цагдаагийн ахлагч М.Сүх-Очир хэллээ.

2019 онд зөрчлийн илрүүлэлт, торгуулийн орлого өмнөх оноос өссөн. Тодруулбал аймгийн хэмжээнд бэлэн болон бэлэн бусаар 570 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон. Үүнээс одоогоор 210 орчим сая төгрөгийг Баруун-Урт сумын ЗДТГ-ын дансанд төвлөрүүлээд байна.  Энэ бүхэн зөрчил илрүүлэх чиглэлээр голлох үүргийг гүйцэтгэдэг ахлагч бүрэлдэхүүний маань хийсэн ажлын үзүүлэлт, үр дүн юм. Нөгөө талаар манай хамт олон энэ жил баяраа урьд жилүүдээс шинэлэг хэлбэрээр хийхийг эрмэлзсэн. Ахлагч болгоны баярлуулах зорилгоор офицерууд ахлагчиддаа хүндэтгэл үзүүлж, мөн аймаг сумын Засаг дарга, ИТХ, Залуучуудын холбоо, Цагдаагийн газрын шагналуудаар хэд хэдэн ахлагчийг шагнаж урамшууллаа. Ахлагч нар маань өөрсдөө санаачлан хүмүүнлэгийн ажил өрнүүлж байгаад талархалтай байна гэж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан ярилаа.

 

Холбоотой мэдээ