Сумд орон нутгийнхаа баялгийг ашиглан нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-12 20:34:04

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 сум “Нэг сум-нэг бахархал аян”-ны хүрээнд өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Тодруулбал 24 сумын жижиг дунд үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн дунд “Нэг сум-Нэг бахархал” аяныг 9 сарын хугацаанд зарлажээ.

Аяны хүрээнд сумын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид сумынхаа брэндийг хэрхэн бий болгох талаарх сургалт, хэлэлцүүлгийг сум бүрдээ зохион байгуулжээ. Мөн сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг илрүүлж хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулсан байна. Үр дүнд нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий болох зэрэг олон давуу тал бий болжээ.

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр ажлын байр нэмэгджээ

Тухайлбал Дөрвөлжин сум гэхэд байгалийн чацаргана жимсээ түшиглэн жижиг цех байгуулж чацарганын жүүс, тос зэрэг нэрийн бүтээгдэхүүнтэй болсон байна. Идэр сумын монгол гутал, Их-Уулын мод модон бүтээгдэхүүн, Отгон сумын зүү ороож оёсон уран хатгамлын бүтээлүүд, Отгонтэнгэрийн арц, Ургамал сумын суль сульхирын гурил, ингэний хоормог, Сантмаргаз сумын Дэвтээр нуурын бор давс, Сонгино сумын ургамлын цай, хийцтэй хатаасан цай, Тосонцэнгэлийн байгалийн зэрлэг жимсний бүтээгдэхүүнүүд, эсгий гутал гэх мэтийг өөрийн брэнд хэмээн зарлаад байгаа аж.

Сумд орон нутгийнхаа түүхий эд, нөөц баялгийг ашиглан брэнд бүтээгдэхүүнийг бий болгожээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөж 4500 гаруй иргэн ажлын байртай болсон байна. Эдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг олон нийтэд зарласнаар бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх, бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх боломжтой болжээ. Мөн импортыг орлох бүтээгдэхүүн, экспортын барааны нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах аяны зорилгыг биелүүлээд байгаа ажээ. 

Завхандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг

хэрэглэж хэвшжээ

Завхан аймаг “Сайн бизнесмен” хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” захирамж гаргаснаар албан байгууллага, иргэд орон нутагтаа үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвшжээ.

Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдсэн байна. Мөн Монголбанкны мэдээгээр  иргэдийн мөнгөн хадгаламжид 67.6 мянган иргэний 98.8 тэрбум төгрөг байгаа. Энэ нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 17.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг “Сайн бизнесмен” хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутагт үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшье” уриа дор тэмдэглэлт баяр ёслолын арга хэмжээндээ зөвхөн Завхан аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн нь сайшаалтай. Төрийн байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээндээ зөвхөн Завхандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ширээгээ чимдэг уламжлалтай болсон тухай албаныхан дуулгав.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсжээ

Завханд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20244.5 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 77.1 хувиар өсжээ.

Энэ жил мах боловсруулах үйлдвэрлэл нэмэгдсэнтэй аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн дүнтэй байгаа. Нийт үйлдвэрлэлээс аж ахуй нэгжийн үйлдвэрлэл нь 12741.6 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 7502.9 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэлээс гадна хүнсний үйлдвэрлэл, мах боловсруулах, эсгий, ноосон үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн дүнтэй байна. Мөн сумдад нэхий боловсруулах цехүүд ашиглалтад орсноор арьс ширний үйлдвэрлэл өссөн, модон эдлэл, өлөн гэдэс, барилгын ханын материал үйлдвэрлэлийн эзлэх хувь энэ жил өссөн тухай аймгийн Статистикийн газраас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ