П.Гомбодорж: Малын үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг сайжруулах тал дээр бодлого барьж ажиллаж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-13 23:01:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодоржтой аймгийн мал аж ахуйн салбарын хөгжил, дэвшил, аймаг орон нутгийн бодлого, авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


-Архангай аймгийн мал аж ахуйн салбарын хөгжлийг сүүлийн арван жилээр харвал... Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Архангай аймаг бол Монгол орныхоо төв хэсэгт оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт сайхан газруудтай. Түүх соёлын арвин баялаг, нөөцтөй аймаг юм. Манай аймгийн тухайд томоохон уул уурхайн ордны илэрц байхгүй. Зөвхөн хөдөө аж ахуйг түшиглэсэн аймаг. Эдийн засгийн хөгжил, дотоодын нийт бүтээгдэхүүндээ хөдөө аж ахуйн салбар нь голлодог. Аливаа хөгжлийг дунд хугацаанд буюу арван жилээр авч үзэж байгаа. 2009 онд манай аймаг гурван сая толгой малтай байсан. Арван жилийн дараа буюу өнөөдөр малын тоо толгой тэр үеийнхээс даруй арав дахин өссөн байна. Аливаа аймгийн хөгжлийн гол тулгуур нь юу вэ гэдгийг тухайн аймгийн эдийн засагт аль салбар нь гол байр суурийг эзэлж байна, аль салбараас олсон үйлдвэрлэлээрээ эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх боломж байна гэдгээр нь тодорхойлдог.

Ер нь байгалийн уур амьсгалын өөрчлөлт их явагдаж байна. Тэгэхээр бид хөдөө аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулан тогтвортой хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. 2016 онд аймаг хөгжлийнхөө бодлогыг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд Архангай аймагт тухайн үед шинээр  байгуулагдсан ИТХ, Засаг даргын зүгээс иргэд болоод бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2017-2026 он хүртэлх хөгжлийн гол бодлогыг тодорхойлсон. Энд олон хүчин зүйл нөлөөлнө. Уур амьсгал, бэлчээр, байгаль цаг уурын онцлог, хүн амын тоо, нягтрал суурьшил, эдийн засагт эзэлж буй байр суурь зэргийг харгалзан үзээд Архангай аймаг бол хөдөө аж ахуйн салбар, байгаль орчин аялал жуулчлалыг түшиглэн хөгжвөл илүү үр дүнд хүрнэ гэж тодорхойлж, тогтвортой хөгжлийн бодлогын хамгийн тэргүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбар гэж тодорхойлсон.

Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар айлаар бол гэрийн нэг багана болж байгаа юм. Энэ хүрээнд хөдөө аж аухйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулан хөгжүүлэх зорилтуудаа дэвшүүлсэн. Нэгдүгээрт, мал аж ахуйн үйлдвэрлэлээ чанаржуулах шаардлагатай. Хоёрдугаарт, нэг малаас гарч байгаа ашиг шимийг нэмэгдүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын хандлагыг өөрчлөх, шинэ мэдлэг мэдээллээр хангах нь мал аж ахуйн салбарын үндсэн зорилго.

Нөгөө талаар бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчийг үржилд ашиглаж, малын чанарыг сайжруулах, мэргэжлийн байгууллагатай хамтран малын үржил селекцийн ажил, малын чанарыг сайжруулахыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үндсэн суурь болж байгаа юм. Үүний дараа хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, улсын төсөв, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр, мэргэжлийн байгууллагууд, малчид иргэдтэй хамтран ажлуудыг үе шаттайгаар явуулж байна.

Мал аж ахуйн салбарын үндэс нь бэлчээр. Аймгийн малыг 5.6 сая гэвэл хонин толгойд шилжүүлэхэд 12 сая орчим болж байгаа. Манай аймаг 5.5 сая га бэлчээртэй. Үүний 70 гаруй хувь буюу 3.7 сая нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар буюу бэлчээр юм. Тэгэхээр энэ 3.7 сая га бэлчээр дээр ойролцоогоор хонин толгойд шилжүүлснээр 6-8 сая мал бэлчих боломжтой. Харин өнөөдөр хэтрээд 12-13 сая мал бэлчиж байна. Үүнийг бэлчээрийн даац хэтэрсэн байна гэж болно. Бид яах аргагүй малын тоо толгойг бэлчээрийн даацтайгаа уялдуулах нь зүй ёсны шаардлага. Малын тоо өсөхийн хэрээр өвс талхлагддаг. Мал ч хангалттай тарга тэвээрэг авч чадахгүй. Ингэхээр нэг малаас гарах ашиг шим буурна. Малчдын орлого ч буурна гэсэн үг. Үүнийг малчид маань ч ойлгож байгаа. Нөгөө талаас бэлчээрийг талхлахаас сэргийлэхээс гадна бэлчээрийг хамгаалах, тухайлбал, хортон мэрэгчдээс хамгаалах, хуваарьтай ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, отрын нөөц бэлтгэх чиглэлээр бэлчээрийн менежментийг хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх зүй ёсны асуудал. Энэ үйл ажиллагааг Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран сүүлийн жилүүдэд бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг байгуулах замаар бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж байна.


Ер нь 2012 оноос хойш бэлчээрт бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлууд хангалттай хийгээгүй. Жилд 4-5, зарим жилд 5-6 гүн өрмийн худаг гаргаж байсан. Сая бид нар зах зээл ба бэлчээрийн удирдлага төсөлтэй хамтраад 2020 онд аймгийн хэмжээнд гүн өрмийн 46 худгийг гаргах гэж байна. Үүний 70 хувийг төслөөс, 30 хувийг орон нутгаас гаргана. Мөн энэ жил бэлчээрийг оготно мэрэгчдээс хамгаалах чиглэлээр найман суманд 80000 га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан. Ирэх 2020 онд 80-100 орчим мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулна.  Мөн салбар яам, аймаг орон нутаг, төсөл хөтөлбөрийн шугамаар нийтдээ 50 гаруй инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг гаргана. Аймгийнхаа үлдсэн бүх багт мал угаалгын банныг барина. Мөн зарим бүс нутагт малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, мал бордох аж ахуйг байгуулахаар ажиллаж байна.


-Бэлчээрийн даац, малын тоо хоёрыг хооронд нь уялдуулахын тулд малчдыг өөрсдийг нь оролцуулсан ажлыг төрөөс хэр хийж байна вэ?

-Мал бол Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар төрийн хамгаалалтад байдаг. Нөгөө талдаа хувийн өмч шүү дээ. Бид бэлчээрийн даац, малын тоо хоёрыг хооронд нь уялдуулахын тулд малчидтайгаа зайлшгүй хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр арван малаас авч байгаа ашиг шимийг 2-3 малаас авах зарчимд шилжих ёстой юм. Үүний тулд, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ёстой. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ ажлыг малчдын дурын түвшинд орхисон. Ямар нэг хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй. Мөн мал эмнэлгийн нэгжийн хавсарга маягаар явж ирлээ. Хэн дуртай малчин ямар ашиг шимтэй нь мэдэгдэхгүй хээлтүүлэгчийг ашигладаг болсон. Үүнээс болж сөрөг үр дагавар гарсан. Ийм учраас 2017, 2018 онд малчдад энэ талын мэдлэг олгох, мэдээлэл өгөх зорилготой аймгийн томоохон малчдын зөвлөгөөнийг бүсчилж зохион байгуулсан. Мөн энэ чиглэлээр аймагт цөм сүргийн үржлийн төв болон үржлийн нэгжүүдийг байгуулж, түүгээрээ дамжуулан малын үүлдэр, чанарыг сайжруулах ажлыг малчидтайгаа хамтран зохион байгуулж байна.


-Малчид, тариаланчид бэлчээрийн даац эсвэл бэлчээрийн хязгаарлагдмал байдлаас тэр үү. хоорондоо их таарамж муутай байдаг талтай. Өнгөрсөн жил манай аймаг тариалангийн бүс нутгаа тогтоогоод авсан. Тэгэхээр одоо малчин, тариаланч хоёрын маргаан ямар хэмжээнд байгаа бол. Ойлголцолд хүрсэн болов уу?

-2000-аад оны үед бэлчээрийн даацын тухай ярьж байгаагүй. Малаа л өсгөдөг байсан. Малаа өсгөсөн малчныг шагнаж урамшуулдаг байлаа. Энэ нь ч малын тоо өсөх нэг хөшүүрэг нь болсон. Ингээд малын тоо өсөөд ирэхээр бэлчээрт бэлчих мал олширно. Айл саахалт битгий хэл ах дүү нар хоорондоо бэлчээрээс болж маргадаг болсон. Дээр нь 1990 оноос өмнө 50 гаруй мянган га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан. 1990 оноос хойш нэгдэл сангийн аж ахуйнууд хувьчлагдаж, газар тариалангийн сангийн аж ахуй нэгдлүүд татан буугдсанаас шалтгаалж, уналтад орсон. Энэ үед газар тариалангийн зарим хэсгүүд албан бусаар бэлчээр рүү шилжсэн байдаг. Гэтэл энэ хөдөө аж ахуйн салбарын нэг тулгуур нь газар тариалан шүү дээ. 2008 онд атрын 3-р аяны хүчинд газар тариалангийн салбар сэргэсэн байдаг. 2009 онд манай аймаг 2000 га талбай эргэлддэг байсан бол өнөөдөр 16000 га талбай эргэлдэж байна. Газар тариалангийн бүс тогтоогоод ирэхээр тариаланч, малчдын хоорондын зөрчил маргаан үүссэн. Үүнийг зохицуулахаар 2015 онд УИХ-аас Тариалангийн тухай хууль баталсан. Манай аймагт газар тариалангийн бүс бүхий найман сум бий. Бүс бүхий сумдад газар тариалан эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүд малчидтайгаа уялдаж, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Яг өнөөдрийн байдлаар газар тариалан эрхэлж байгаа бүсүүдэд малчид, тариаланчдын хоорондын маргаан харьцангуй бага байна. Бид тариаланчдад газар тариалангийнхаа талбайг хашиж, малаас хамгаалах, хаврын тариалалтаас ургац хураах хугацаанд газар тариалангийн бүс нутгаас малчдыг бэлчээрээ сэлгэж буух гэдэг зөвшилцлийг хийж чадсан. Нөгөө талдаа газар тариалангаас гарч байгаа будаа, сүрэл, ногоон тэжээлийг орон нутгийнхаа малчдад боломжийн үнээр хүргэж байгаа нь энэ хоёрын маань хамтын ажиллагааны үр дүн.


-Эргээд мал аж ахуйн салбар руугаа оръё. Манай аймагт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлого гэж байдаг болов уу?

-Байна аа. Ер нь аливаа ажлыг хийхэд тухайн аймаг орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн сэтгэл, бодол их нөлөөлдөг. Аймгийн удирдлагууд хөдөө аж ахуйн салбарын хүмүүс. Энэ ч үүднээс хөдөө аж ахуйн салбарын бодлого арай илүү байна уу даа гэж боддог. Манай аймаг нь малын тоо гэхээс илүү мэргэжлийн байгууллагуудтай хамтран тэдний зөвлөмж, хяналт дор малын үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг сайжруулах л бодлоготой. Энэ хүрээнд бид мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор үржлийн цөм сүргийг бий болгосон. Архангай аймгаас барьж буй мал аж ахуйн салбарын дунд хугацааны бодлого бол мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлж, нэг малаас гарч байгаа ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд малын чанар, үржлийг сайжруулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулах юм.


-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр дотор мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлууд байгаа юу?

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нэг томоохон ажил бол Архангай аймаг “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг” болно гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Үүний утга нь өөрт байгаа түүхий эдийн нөөц боломжийг ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Манай аймаг жилдээ 5.6 сая малын 20 орчим хувийн эдийн засгийн зах бий. Эдийн засгийн эргэлтэд оруулна гэж үзвэл жилдээ 25-30 мянган тн махыг зах зээлд борлуулах, 100 орчим сая литр сүү, 1.2 саяаас 1.4 сая ширхэг арьс шир зэрэг нь малчдын гар дээрээс бэлтгэгдэж байна. Энийг л бид өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх нь гол зорилго юм.

Мал аж ахуйн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй мах, сүүний анхдугаар аяны хүрээнд зарим суманд сүүний жижиг цехүүд байгуулсан. Мөн малчдын гар дээр гарч байгаа нэхий арьсыг боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр сум бүрт арьс, нэхий элдэх цехийг байгуулсан. Мэдээж хэрэг зарим суманд арьс нэхийгээ элдээд эхэлчихсэн, сур суран эдлэл, хурган дээл, үстэй дээлийг үйлдвэрлэж байна. Энэ бол эхлэл. Энэ мэтээр мал аж ахуйн түүхий эдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Нөгөө талдаа сүү, цагаан идээний үйлдвэрлэлээр Архангай аймаг Монгол Улсад алдартай. Энэ үйлдвэрлэлд шинэ технологийг нэвтрүүлж, сав баглаа боодолтой болгох, хадгалах, тээвэрлэх асуудал л хамгийн чухал байна. Энэ үүднээс Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээр сумдад мах, сүү цагаан идээ хадгалах зоорийн төсөл бичсэн иргэдийг их дэмжлээ.

Тухайлбал, 2019 онд хүнсний ногоо, сүү, цагаан идээ хадгалах зоорийн төсөл бичсэн 3-4 аж ахуй нэгжийг дэмжсэн. Ингээд ирэхээр нэг суманд жилдээ 70-80 тн сүү цагаан идээ бэлтгэгдэж зах зээлд нийлүүлдэг байсан бол зоорьтой болчихвол нэг иргэн л 50-70 тн цагаан идээ бэлтгэж хадгалаад зах зээлд нийлүүлэх боломжтой болно. Нөгөө талаар сав баглаа боодол. Зах зээлд бэлэн болсон бүтээгдэхүүн борлууллаа гэхэд хэнийх, хэзээ хийсэн, ямар амт чанартай нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнийг хэрэглэгчид таашаахгүй байна. Сав баглаа боодолтой болсноор эрэлт хэрэгцээ, борлуулалт нэмэгдэнэ. Энэ чиглэлээр бас дэмжиж байна. Нөгөөтэйгүүр тээвэрлэлт. Харьцангуй дэд бүтэц сайн. Гэхдээ зориулалтын тээврээр тээвэрлэх асуудал дээр нь малчид, үйлдвэрлэгчид хамтран ажиллаж байгаа. Энэ мэтчилэн мал аж ахуйн гаралтай сүү, мах, арьс, ширдээ анхан шатны тордолт хийгээд өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.


-Махны үйлдвэрийн талаар?

-Манай аймагт улирлын чанартай ажилладаг махны нэг үйлдвэр байна. Энэ бол хангалттай биш. 2019 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хоёр жижиг махны үйлдвэр байгуулсан. Бид аль болох шат дамжлагыг багасгах тусам малчид болон хэрэглэгчдийн хооронд үнийн өсөлтийн хэлбэлзэл бага байх юм. Харамсалтай нь зарим нэг бэрхшээлүүдтэй тулгарч байна. Гол нь байгаль орчинд халгүй үйлдвэрийн аргаар мал махыг төхөөрөх нь арьс шир түүхийн чанарт нөлөөлнө шүү дээ.


-Малын эрүүл мэндийн асуудал маш чухал шүү дээ?

УИХ-аас 2018 онд мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль гээд хоёр шинэ хууль баталж, тогтолцоонд өөрчлөлт оруулсан. Гэхдээ тогтолцоо өөрчлөгдсөн ч бас хандлагын хувьд өөрчлөлт оруулах зайлшгүй шаарддлагатай байгаа юм. Бидний гол зорилго бол махаа хээрийн бойгоор биш үйлдвэрийн аргаар төхөөрөөд гарал үүслийг нь тодорхой болгочивол манай малын мах экспортод гарах үнэлэмж нь нэмэгдэх бүрэн боломжтой. Үүнийг бид 2018 онд Ногоон алт, Малын эрүүл мэндийн төсөлтэй хамтран туршиж үзсэн. Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо гэж. Малын халдварт өвчин бол урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж чадсан бол халдварт өвчин гарахгүй байх нөхцөл бүрдэнэ. Празит өвчин бол яг малаа маллаж байгаа малчнаас бүрэн шалтгаална. Шимэгч буюу празит өвчин нэмэгдсэнээр мал сульдах, ядрах, бэлчээрээс шим тэжээлээ авч чадахгүй, ашиг шим буурдаг. Мөн арьс шир нь гэмтдэг. Тэгэхээр энэ малыг эрүүлжүүлэх ажил бол зөвхөн мал эмнэлгийн байгууллагынх биш. Малчдын оролцоо ч чухал юм.


-Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцооны талаар тодорхой ойлголт өгөөч?

-Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо гэдэг бол малын гаралтай түүхий эдийг л баталгаажуулж байгаа юм. Хаана, хэний малаас бэлтгэгдсэн гэдэг нь тодорхой байх юм.


-Бар код шиг зүйл байх юм уу?

-Жишээ нь Гомбодорж гэдэг хүн оны эхэнд 500 толгой мал тоолууллаа гэж бодъё. Би энэ жил 100 хонь, 20 үхрийг зах зээлд борлуулна гээд сумынхаа хөдөө аж ахуйн мэргэжилтэнд бүртгүүлээд ээмэгжүүлчихнэ. Бид бүх малыг ээмэгжүүлэх шаардлагагүй. Ээмэгтэй малыг нөгөө мэргэжилтэн маань програмдаа шивээд бүртгэчихнэ. Малын эмч нь товлолт вакцин, угаалга туулгандаа оруулчихна. Энэ бүх мэдээлэл нь ороод л байна. Ингээд мах бэлтгэх үйлдвэрүүд цахим руу орж, захиалга өгнө. Очиж авахдаа бар код уншигчтай. Уншуулангуут бүх мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Эцсийн хэрэглэгчдэд очиход утасны апплейкшнаар ороод бас л бүх мэдээллийг хараад худалдаж авах юм. Ийм л тогтолцоо юм. Цаашид экспортод гарах бүрэн боломжтой.


-Энэ тогтолцоог орон нутагтаа яаж тогтвортой авч үлдэх вэ?

-2018 онд гурван суманд туршиж үзсэн. Мөн хөрш зэргэлдээ аймгуудаас туршиж үзлээ. 2020 оны төсөвт аймгийн Засаг дарга энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс дал орчим сая төгрөгийг тусгаж өгч байгаа. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн тойргийн найман суманд энэ чиглэлээр малыг бүртгэлжүүлэх чиглэлээр бас хөрөнгө тавьж байна. Ихтамир, Өндөр-Улаан, Цахир суманд мал эмнэлгийн явуулын лабораториудыг байгуулж байна. Тэгээд маш богино хугацаанд шинжилгээнд оруулах бүрэн боломж бүрдэнэ. Дээрээс нь малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоогоо хэрэгжүүлээд явбал мал аж ахуйн гаралтай түүхий эдийн гарал үүсэл баталгаажна гэсэн үг.


-2017 онд цөм сүргийн үржлийн төвийг байгуулсан. Одоогийн ажил нь ямар явцтай байна? Малын тоо биш чанарт анхаарсан ажуудын нэг хэсэг гэж ойлгож байгаа.

-2009 онд анх цөм сүргийн үржлийн төвийг байгуулсан. Үйл ажиллагаа нь овоо жигдрээд явж байсан. Төрийн залгамж гэдэг юм алдагдсаны үр ашгаар 2013 онд энэ төвийг татан буулгасан. Дараа нь бид 2017 онд цөм сүргийн үржлийн төвийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны нэр дээр байсан малын суурин дээр байгуулсан. Аймгийн Засаг даргын зүгээс 2017 онд 30 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Тамир үүлдрийн хэсгийн хонин сүргээс шилж сонгон 1000 орчим толгой малыг бий болгосон. Дээр нь цөм сүргийн үржлийн төвийн нутгийн Тамир үүлдрийн хэсгийн хонийг хэд хэдэн чиглэлээр сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Нэгдүгээрт, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, нутгийн ахмад малзүйч нартай хамтран малзүйчдын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулаад мал үржлийн бодлогыг 2017 онд баталсан. 2018 онд 4-5 үржлийн аж ахуйн нэгжийг байгуулаад цөм сүргийн үржлийн төвтэй хамтраад Ихтамир суманд өсвөрийн хээлтүүлэгчийг бэлтгэж байна. Эрдэнэбулган зэрэг суманд махны чиглэлийн суффолк үүлдрийн хониор хээлтүүлэгч бэлтгэх, зарим суманд хэрэгцээний эрлийзжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. Ингэж зохион байгуулахдаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран гардан болон зохиомол хээлтүүлгийн ажлыг хийсэн. Нийт дүнгээр бол 2000 толгой эм хонинд сайн чанарын өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчийн үрээр хээлтүүлсэн байна. Энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд 2019 онд аймаг орон нутгийн төсвийн 100 орчим сая төгрөгөөр үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуй нэгжид өсвөрийн хээлтүүлэгч бэлтгэх чиглэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Энэ хүрээнд Ихтамир, Өндөр-Улаан, Цөм сүргийн үржлийн төв, Тариат зэрэг суманд өсвөрийн хээлтүүлэгч бэлтгэх чиглэлээр бусад аймгаас өндөр ашиг шимтэй нь тогтоогдсон хээлтүүлэгчдийг авч ирж зарим суманд зохиомол болон гардан хээлтүүлгийн ажлыг энэ намар суурилж зохион байгууллаа. Хэрэгцээний эрлийзжүүлгийг мэргэжлийн байгууллагын хяналт дор тодорхой малуудыг суурилж бүртгэлжүүлж зохион байгуулах юм. Тэр хэрэгцээний эрлийзжүүлэлтээс гарсан төлийг ялгаж аваад бордож тэжээгээд зах зээлд борлуулах зорилготой юм. Мөн уламжлалт ажил болох малын төлөв байдлын үнэлгээ, малын үзлэг ангилалтыг мэргэжлийн аж ахуй нэгжтэй хамтраад зохион байгуулж байна. Үүний үр дүн зарим газарт гарч байна. Ихтамир, Өндөр-Улаан суманд хийсэн хээлтүүлгийн ажлын дүнд гарсан төлийн амьдын жин нэмэгдэж бусад дур зоргын хээлтүүлгээс гаргаж авсан төлөөс 6-8 кг-аар нэмэгдсэн байгаа юм. Энэ нь малын ашиг шим, гарц, чанар сайжирч байгаа нэг хэлбэр юм. Үүнийг цаашид үргэлжлүүлнэ. Мөн цөм сүргийн үржлийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх өсвөрийн хээлтүүлэгч, сайн чанарын хээлтүүлэгч бэлтгэх ажилд 120 сая төгрөгийг төлөвлөсөн байгаа.


-Малчдын залгамж халаа ямар байдаг вэ? Үүнд малчид өөрсдөө ямар бодолтой байдаг бол. Бас хөдөө  аж ахуйн салбар яам, тамгын газраас ямар бодлоготой ажиллаж байгаа вэ?

-Мал аж ахуйн салбарын үндсэн гурван зүйл байдаг. Бэлчээр, мал, малчин гурав. Энэ салбарыг авч явж байгаа хүмүүс бол малчид шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай аймгийн 17000 орчим малчин өрхөд 34.5 мянга орчим малчин байна. Үүний 60-аас дээш хувь нь 45-аас дээш настай байна. Энийг юу гэж ойлгох вэ гэхээр нийт малчдын маань ихэнх нь насжиж байна гэж ойлгож болно. Малчдын залуу халааг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Яахав, малчид маань бусдын л адил үр хүүхдээ сургууль, соёл сургуульд мэргэжилтэй болгоё гэж бодож сургаж байна. Гэтэл сураад төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн хэд нь өнөөдөр ажилтай байна вэ. Яг мэргэжлээр нь ажлын байр олдож байна уу үгүй юу. Нэг оюутан аав ээжээсээ 4-5 жил сурахад 20-30 орчим сая төгрөгийн зардал гаргаж байгаа шүү дээ. Мал аж ахуйн салбарт сэтгэл гаргаж ажиллаж байгаа залуу малчдыг дэмжих шаардлагатай юм гээд ХХААХҮЯ, ХНХЯ хамтран малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гаргалаа. Энэ нь залуу малчин гэр бүлүүдэд тодорхой хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр мал авч өгөх, залуу малчдын сургалт зөвлөгөөнийг сумдад бүсчлэн зохион байгуулж байна. Мөн туршлага судлуулах, сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байна. Төр бол ийм л үүргийг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуу малчдыг бодлогоор дэмжих хөшүүрэг байх шаардлагатай гэж үзэж байгаа.


-Малчдын нийгмийн асуудал хэр баталгаатай байдаг вэ?

-Малчид өдөр, шөнө, цаг, нарыг ялгалгүй л ажилладаг. Малчид маань үйлдвэрлэгч юм. Нэг айлд нь яваад ороход өрөм хайлаад хайлмаг болгож байна. Энэ бол үйлдвэрлэл. Өвс, ус, хужирыг өөх тос мах болгож байгаа шүү дээ. Бас л үйлдвэрлэл. Өдөртөө нэг ажлыг дахин давтан хийгээд байгаа юм шиг харагдах хэрнээ борив бохисхийлгүй ажиллаж байгаа малчдынхаа нийгмийн асуудлыг төр анхаарч үзэх нь зүйтэй. Харин сүүлийн жилүүдэд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Энэ нь 80 орчим хувьтай явж байна гэсэн дүн мэдээ бий. Одоо харин 1995 оноос хойш НДШ төлж чадаагүй малчдын нийгмийн даатгалыг нэг удаа төлүүлнэ гэж байна. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл малчдын маань нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэх байх аа.  Мөн манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд элэгний эмгэггүй Архангай төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөлд аймгийн 44 мянган хүн хамрагдсан байдаг. Үүнээс 4-5 орчим мянга нь эмчилгээнд хамрагдаж бүрэн эдгэрсэн гэсэн дүн бий. Энэ дотор харин малчид маань багагүй хэмжээгээр хамрагдсан байх.


-Танаас цаг үеийн мэдээлэл аваад ярилцлагаа өндөрлөе. Манай аймгийн хувьд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ? Өвс тэжээлээ тогтоосон тоонд нь бэлдсэн үү. Отон нүүдэр хэр хийж байгаа вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг уламжлалт ажлын дагуу хийсэн байгаа. Шинэ ажил биш. Энэ жилийн тухайд манай аймагт зуншлага гайгүй байсан. Харин 8-р сарын 12-ноос хойш ялангуяа төв, зүүн сумдаар хур бороо ороогүй. Ерөнхийдөө гандсан. Энэ нь бэлчээрийн ургацад нөлөөлсөн. Бэлчээрийн ургацыг га-д 4-6 цн байхад хэвийн гэж үздэг л дээ. Есдүгээр сард хийсэн бэлчээрийн төлөв байдлын судалгааг харахад зүүн талын сумдад энэ тоо бага гарсан. Баруун талын буюу уулархаг нутагтай сумдад харьцангуй бороо орж байсан учраас гайгүй байлаа. Аймгийн малчид өвс тэжээлээ хангалттай сайн бэлтгэж авсан. Отор нүүдлийн тухайд хил залгаа аймгуудын хил залгаа оршдог сумдын малчид наана цаана буух юм байна. Энэ жилийн тухайд манай аймгийн 40 гаруй малчин өрх гадны аймгуудад отроор өвөлжиж байна. Аймаг, сумын нөөцөд тодорхой эх үүсвэрээр нөөц бэлтгэдэг. Бэлтгэсэн өвс, тэжээл өвөл, хаврын туршид хүрэлцэхгүй. Аль болох малчид өөрсдийнхөө түвшинд өвс, хадлан, эрдэс тэжээлээ хангалттай сайн бэлтгэх нь зүйтэй гэдэг зөвлөмж өгч байгаа. Одоогийн байдлаар цас орж хүндэрсэн зүйл алга байна.

Саяхан бид зүүн талын сумдаар тойроод ирлээ. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Цас их орсноор хүндрэхгүй шүү дээ. Цаг агаар жаахан хүйтрээд бэлчээрт байгаа өвс аргагүй багадаад ирэхээр мал бэлчээрээс хангалттай хэмжээний шим тэжээлээ авч чадахгүй. Энэ утгаар өвөлжилт хүндрэх төлөв байдал ажиглагдсан. Өвлийн эхэн сар гараад удаагүй байна. Малчиддаа юу гэж хэлэх вэ гэхээр малынхаа өвөлжөө, хаваржааг сайн дулаалах, өвс тэжээлийнхээ нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80-85 хувьтай хангагдсан. Энэ жилийн тухайд манай аймаг мал угаалгын ажлыг сайн зохион байгуулсан. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн тойргийн найман сумын 44 багт суурин мал угаалгын банныг шинээр барьсан. Өмнө бид нийт малынхаа 30-40 хувийг л угаалгад хамруулдаг байлаа. Энэ жил нийт бог малынхаа 80 хувийг угаалгад хамруулж чадсан сайн үзүүлэлттэй байна. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулан улсын төсөв, аймаг орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар малын эрүүл мэндийг хамгаалах, малын үүлдэр, чанарыг сайжруулах ажил шинэ шатанд, зохистой түвшинд ахиж байгаа. Ажлын үр дүн гарна аа.  

Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрсэн учраас манай Өгийнуур сум руу малчид отроор орж ирсэн. Улсын онцгой комисс манай аймагт ажилласан. Энэ үеэрээ нэгэнт отроор орж ирсэн малчдыг хөөж туухгүй байх, тэдэнд сум орон нутгаас эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг үзүүлэхээр харилцан ярилцаж зөвшилцсөн. Өвлийн цаана хавар байна. Манай зүүн талын сумд өвс ургамлын гарц тааруухан байгаа.


-Малчиддаа хандаж юу хэлэх вэ?

-Буянт мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийнхаа мал аж ахуйн салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, ажлын ихийг хийж, ачааны хүндийг үүрэлцэж яваа нийт малчиддаа өвлийг өнөтэй давж, урин хавартай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.  


 -Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ