БНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-12 11:04:28
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /BBC/. БНАСАУ хэд хэдэн удаа баллистик пуужингийн туршилт хийсэн асуудлыг хэрхэн зохицуулах талд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд санал зөрөлдөөнтэй байна.


БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх нь илүү ач холбогдолтой гэж ОХУ болон БНХАУ үзэж байгаа бол АНУ илүү хатуу байр суурийг чухалчилж байна. 


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд лхагва гарагт БНАСАУ-ын пуужингийн туршилтын асуудлаар хуралджээ. Тэдний мэдээлснээр БНАСАУ энэ онд нийт 13 удаа баллистик пуужингийн туршилт хийжээ.


НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Келли Крафт пуужингийн туршилтууд нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг юм гэж мэдэгдээд, хэрэв БНАСАУ энэ өдөөн хатгалгаа зогсоохгүй бол Аюулгүйн зөвлөл шаардлагатай арга хэмжээг авна гэж анхаарууллаа.


Харин ОХУ, БНХАУ Пёньянтай яриа хэлэлцээ хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. ОХУ-ын төлөөлөгч Василий Небензия, энэ асуудлын цор ганц шийдэл нь яриа хэлэлцээ гэдгийг дурдаад, хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлснээр юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.


АНУ БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд давуу талыг олж авахын тулд НҮБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа боловч энэ нь тийм ч хялбар биш гэдгийг энэхүү санал зөрөлдөөн харуулж байна.

Холбоотой мэдээ