Сүхбаатарын нягтлан бодогчид манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-11 23:26:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат эдийн засагч З.Ням агсны нэрэмжит нягтлан бодох бүртгэлийн ур чадварын бүсийн олимпиад тус аймагт боллоо. Олимпиадад зүүн бүсийн аймгуудын 20 гаруй нягтлан бодогч өрсөлдөж Сүхбаатар аймгийн нягтлан бодогчид бусдыгаа манлайлав.

Санхүү эдийн засагчдын өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн санхүү, эдийн засгийн албыг 28 жил удирдсан З.Ням агсны нэрэмжит тус олимпиадыг нягтлан бодогч, эдийн засагч, бүртгэл тооцооны ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулаад 10 жил болж байна. 2015 онд бүсийн аймгуудтай зөвшилцсөний үндсэн дээр аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн уг олимпиадыг бүсийн чанартай болгож, хоёр жил тутамд нэг удаа зохиодог болсон юм.

Энэхүү олимпиадыг зохион байгуулдгийн гол зорилго нь нэг талаас З.Ням гуайн алдар гавъяаг мөнхжүүлэх, ажлын туршлагыг нь хойч үедээ өвлүүлэх, нөгөө талаас орон нутгийнхаа санхүү, эдийн засаг, бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг, мэргэшил, мэргэжлийн ур чадварыг сайжруулж энэ хэмжээгээр орон нутгийнхаа хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах явдал юм гэдгийг Сүхбаатар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал онцоллоо.

Олимпиадын эхний гурван байрыг Сүхбаатар аймгийн нягтлан бодогчид эзэлсэн юм. Тодруулбал, Сүхбаатар НИК ХХК салбарын нягтлан бодогч, Төрийн Аудитын газрын аудитор, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нар бусдыгаа тэргүүлжээ.

Энэхүү ур чадварын олимпиадын нэр хүнд, цар хүрээг өргөжүүлэх, бүсийн хэмжээний санхүүч, нягтлан бодогчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох боложийг байнга нээлттэй байлгах тал дээр зохион байгуулагчдын зүгээс анхаарч ирсэн бөгөөд энэ жил "Шилдэг илтгэл” шалгаруулах төрлийг шинээр нэмсэн. Тус төрөлд Дорноговь аймгийн “Чандмань Илч” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Ган-Эрдэнэ “Нягтлан бодох бүртгэл дэх- Миний кейсүүд” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байрт шалгарсан юм.

Тус олимпиадыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сүхбаатар аймаг дахь салбар, З.Ням агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 

Холбоотой мэдээ