Этиопт болсон халдлагын улмаас 208 хүн амиа алдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-19 11:09:57

АДДИС-АБАБА. /Aljazeera/. Өмнөд Суданы зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алдсан иргэдийн тоо 208-д хүрлээ гэж Этиопийн албаны хүн мэдэгдэв. Түүнээс гадна, зэвсэгт этгээдүүд 108 хүүхдийг барьцаалсан байна.

Ням гарагийн үдээс өмнө амиа алдсан хүмүүсийн тоо 140-д хүрлээ гэж мэдээлж байсан боловч үдээс хойш энэ тоо нэмэгдэн 208 болж, 75 хүн шархадсан байна гэж Этиопийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Гетачью Реда мэдэгджээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бөгөөд зэвсэгт этгээдүүд 2000 орчим толгой мал хулгайлсан гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр “Этиопийн цэргийнхэн арга хэмжээ авч байгаа. Халдлага үйлдсэн этгээдүүдийг тун удахгүй баривчилна” гэлээ.

Халдлага баасан гарагт Этиопийн Гамбела гэдэг газарт болсон бөгөөд тус бүс нутаг нь Өмнөд Суданы 284 мянга гаруй дүрвэгсдийг орогнуулж буй мужтай хөрш зэргэлдээ оршдог байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ