Төрийн алба хаагчид хууль зүйн мэдлэгээрээ өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төрийн алба хаагчид хууль зүйн мэдлэгээ сорьж өрсөлдлөө.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр, 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Энэ өдрийг угтан тус аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид хууль зүйн мэдлэгээрээ өрсөлдлөө.
Уг үйл ажиллагааг тус аймгийн ГХУСАЗЗ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрт 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Хууль зүйн уралдаан тэмцээнийг багийн мэндчилгээ, бодлого, багийн гишүүдийн дунд асуулт хариулт, хууль хэрэглэх чадвар, багийн ахлагчдын дунд асуулт хариулт гэсэн дарааллаар Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд бэлтгэн явуулжээ.
Оролцогчдоос тэргүүн байрт Мэргэжлийн хяналтын газрын “Төрийн төлөө түмний хяналт” баг, дэд байрт Татварын хэлтсийн “Оюуны хүч” баг, гутгаар байрт Есөнбулаг сумын ЗДТГ-ын “Эерэг сөрөг” баг тус тус шалгарч дурсамж, мөнгөн шагналаар шагнуулав.