Ж.Бямбадорж: Эрүүдэн шүүх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-10 11:48:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т энэ оны байдлаар 599 гомдол ирснээс дийлэнх нь эрүүдэн шүүх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол байгаа талаар тус комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцлов. 


НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1950 оноос энэ өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр" хэмээн тунхаглажээ. Энэ хүрээнд Монгол Улсад хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн биелэлт, нөхцөл байдлын талаар ХЭҮК-оос мэдээлсэн юм. 


Цагдан хоригдож байгаа хүмүүс ихэвчлэн эрүүдэн шүүхээс ангид байх асуудлаар ХЭҮК-т ханддаг байна. Энэ талаарх гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлдэг ч ХЭҮК асуудлыг дангаараа шийдвэрлэх, хянаж шалгах хуулийн боломж байхгүйг тус комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ. Харин хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлыг холбогдох байгууллагад нь шилжүүлээд орхихоор хуульд тусгасан ч ХЭҮК-оос шаардлага, зөвлөмж хүргүүлж биелэлтийг нь хянаж, шаардаж ажиллаж байгааг тэрээр онцлов. Тэрбээр, "Саяхан гэхэд нэг аймгийн төрийн албан хаагч эмэгтэйг ажлын байранд дарамталсан гэх гомдол ирсэн. Ажлын байрны бэлгийн болон төрөл бүрийн дарамттай холбоотой гомдол нь ирж байгаа гомдлын хоёрт эрэмбэлэгддэг. Гэхдээ ХЭҮК-оос тавьсан шаардлагаар асуудлыг шийдвэрлэж байна. Зарим тохиолдолд, ХЭҮК-т мэдэгдлээ гэж ажилчдаа гадуурхах, ажлаас халах явдал гардаг ч шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд нь хуулийн дагуу эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн авахад тусалж байна" хэмээв. 


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, хороодын ээлжит хэлэлцүүлгээр Монгол Улсад тодорхой зөвлөмж өгдөг. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа тул ХЗДХЯ, ГХЯ-тай хамтран хүний эрхийг хангах зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар илтгэл бичиж ноднин УИХ-д хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас илтгэлийг эцэслэж, НҮБ-д ирэх оны хоёрдугаар сарын 3-нд хүргүүлэх учиртай гэдгийг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэдээллийнхээ үеэр дурдлаа. Мөн хүний эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж байгаа төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхний эрхийг хангах зорилгоор, Хүний эрхийг хамгаалагчдын эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох хүмүүст өргөн барьсан гэдгийг тэмдэглэв. 

Холбоотой мэдээ