Ерөнхий сайд ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-08 15:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсоор айлчлав



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ирэх сарын 3-6-нд тус улсад албан ёсоор айлчлав.


Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хийн дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа.



Мөн тэрбээр ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцоно. Түүнчлэн айлчлалын хүрээнд “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” бизнес форум болов.


Айлчлалын хүрээнд хоёр орны төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах тухай 20 гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


УДШ-ийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ



УИХ-ын чуулганы энэ сарын 5-ны хуралдаанаар, Улсын дээд шүүх /УДШ/-ийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаарх бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. 


Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын гишүүд шүүхийн тухай холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулахад анхаарах, шүүх, хуулийн байгууллага шударга бус ажиллаж байгааг таслан зогсоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, шүүхийн шийдвэрийг ил тод болгохыг захив.


Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавилаа



Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 3-нд хориг тавив.


Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж буйгаа Ерөнхийлөгч хориг тавих албан бичигтээ онцолжээ.


Ирэх оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр баталсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх”шаардлагад нийцээгүй хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга үзэн хориг тавьжээ.


Хориг тавьсан албан бичгийн энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.


Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 5-ны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг батлав.


Монголбанкнаас боловсруулсан Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа аж. Иймээс ирэх онд инфляцыг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувьд тогтворжуулахаар тусгажээ. Мөн банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэх ажил өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтойг төслийн үзэл баримтлалд дурджээ. Цаашид эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэх юм.


2019 оны 9 сарын байдлаар, банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өссөн. Харин эхний хагас жилд эдийн засгийн бодит өсөлт 7.3 хувьд, валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн нь Монгол Улс эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлж буй юм. Гэхдээ манай эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгийн урсгал, гадаад эрэлтээс өндөр хамааралтай байгаагаас эдийн засгийн болон санхүүгийн мөчлөг богино, давтамж олон байдаг Иймд мөчлөгийн уналтын далайцыг бууруулах, болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн болон санхүүгийн салбарын дархлааг нэмэх, санхүүгийн нөөцийг бүх шатанд хуримтлуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг төслийн үзэл баримтлалд онцолжээ. (Тогтоолын төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү)


ҮХЦ-ийн даргаар Н.Чинбатыг сонгов



Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн нийт гишүүдийн энэ сарын 2-ны хуралдаанаар, тус цэцийн даргаар Н.Чинбатыг сонгов.


Хуульд заасны дагуу цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлж хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хураасан байна. Ингээд ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбат нийт гишүүний олонхын санал авчээ. Тэрээр, өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, ХЗДХ-ийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр  Монгол Улсын гавьяат хуульч цолтой. 


Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн өмнөх дарга Б.Одбаяр нь өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг цэцийн өмнөх хуралдаанаар хэлэлцэн ёсоор болгосон юм.


АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг соёрхон батлав.


Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор дээрх гурван үе шаттай төслийг 10 жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх аж.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь дэмжиж, баталсан юм. (Төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү)


Холбоотой мэдээ