Г.Бат-Эрдэнэ: Олон бүтээн байгуулалтын нэг цөм нь Булаг багт хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-07 16:15:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Гантулгын Бат-Эрдэнэ гэх энэ залуу Үндэсний лаборатори нэгдүгээр сургуульд газарзүйн багшаар ажилладаг. Мөн Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгч, Байгаль орчин хөдөөгийн бодлогын байнгын хорооны даргын сонгуульт алба хашдаг нэгэн. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

 

-Багшийн ажил цаг наргүй. Энэ их ажлынхаа хажуугаар сонгуульт ажилдаа хэрхэн цаг зав, анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

-Өөрийн мэргэжил, мэдлэг чадварыг хүүхэд багачуудынхаа төлөө харамгүй зориулж, ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн өргөн мэдлэг, чадвартай, өндөр ёс суртахуунтай иргэн болон төлөвшсөн хүүхдүүдийг дараагийн шатны их, дээд сургуульд бэлтгэн өгөх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай явдаг. Мэдээж багийнхаа иргэдийн итгэлийг дааж, сумын ИТХ-д тэднийгээ төлөөлж яваа хүн чинь цаг зав гаргалгүй яахав. Төлөөлөгчийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллаж байгаа.

-Та хоёрдугаар багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч. Тэгэхээр багтаа хэрхэн ажиллаж байна вэ?

-Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэдээ сумын ИТХ-д төлөөлж, миний бие, Б.Амарбаясгалан, Хэрлэн дом ӨЭМТ-ийн дарга Ж.Хонгорзул, Хот тохижилт ОНӨГ-ын дарга О.Гомбобаатар, Э.Амарсайхан нарын чадварлаг залуусын хамт ажилладаг. Мөн манай багаас аймгийн ИТХ-д сонгогдсон Д.Амгаланбаатар төлөөлөгч маань маш идэвх санаачилгатай ажиллаж байна. Бид намын мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа бүрэн биелүүлэх талаар анхааран, сум, аймгийн удирдлагатай хамтран нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа. Тухайлбал, Чингис хотод хийсэн гудамжны хонхор хотгор тэгшлэх, худгуудаа ухаалаг системд шилжүүлэх ажлууд Булаг багт хэрэгжлээ. Чингис хот анх удаагаа эко автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн. Багийн иргэдэд маань чиглэлийн дагуу үйлчилгээ үзүүлээд эхэллээ. Булаг баг анх удаагаа багийн төв, өрхийн эмнэлгийн шинэ байртай боллоо. Тоглоомын талбайгаа тохижуулж ая тухтай болголоо. Чингис хот өдрөөс өдөрт өнгөө засч байна. Энэ олон бүтээн байгуулалтуудын нэг цөм нь Булаг багт хэрэгжиж байна.

-Та тойргийнхоо иргэдтэй хэр ойрхон ажилладаг вэ? 

-Ойрхон ажиллахыг эрмэлздэг. Өнгөрсөн хугацаанд багийн иргэд рүү чиглэсэн хэд хэдэн ажлыг хийлээ. Тухайлбал, Багийнхаа амьдралын боломж тааруу 100 гаруй хүнд түлээний модны дэмжлэгийг үзүүллээ. Мөн нэлээд хэдэн айлд шуудайгаар нүүрс өгч тусалсан.  

-Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгч, Байгаль орчин хөдөөгийн бодлогын байнгын хорооны даргын сонгуульт алба хашдаг гэсэн. Танай хорооноос хийж хэрэгжүүлдэг ажлууд юу байна?

-Хэрлэн сум аймгийн төвийг хамарсан сум бөгөөд төвдөө 6 баг, хөдөөгийн хоёр тосгонтой. Тэнд амьдарч байгаа багийн иргэдийн тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллах нь хороодын гол үүрэг. Тэдэнд голлон тулгамдаж байгаа бэлчээр, ундны усны хүртээмж мөн хууль бус  уул уурхайн асуудал байна. Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газар, МХГ-тай хамтран Хэрлэн сумын Тахилгат тосгонд бичил уурхай эрхэлж байгаа нөхөрлөлүүдэд  уул уурхайн чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийж хууль зөрчсөн этгээдүүдийг илрүүлэн зохих байгууллагад нь шилжүүлж шийдвэрлүүлж ажилласан. Түүнчлэн байнгын хорооноос булаг шандны эхийг хашиж хамгаалах зардлыг жил бүр сум хөгжүүлэх сангийн төсөвт суулгаж өгдөг. Энэ ажлыг малчдад хариуцуулж өгснөөр ихээхэн үр дүнтэй ажил боллоо. Аймгийн төвийн хэмжээнд хэд хэдэн төсөл хэрэгжиж, малчид мал бүхий иргэд сумын захиргаа хамтран ажиллаж байна.

-Байгаль орчны бохирдол хог хаягдлын асуудалд танай байнгын хороо хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Хэрлэн сум хогийн цэгээ нүүлгээд нэлээд хугацааг өнгөрүүллээ. Гэвч иргэдийн ухамсаргүй байдлаас хогны асуудал цэгцрэхгүй, хогоо хаа сайгүй хаях, сөрөг хандлага, буруу хэвшил байсаар байна. Энэ тал дээр соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал ямар явцтай байна?

-Байгаль орчны нөхөн сэргээлтийг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Одоогоор байгалийн чулуу хууль бусаар олборлож байсан газарт ТББ-ууд иргэдтэйгээ хамтран нөхөн сэргээлт хийсэн байгаа. Энэ ажил сайжрах төлөвтэй байна.

-Цаашид хийх ажлуудаасаа товчхон танилцуулаач?

-Чингис хотын авто зам, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн олон жил яригдаж байгаа нэг ажил бол цэвэрлэх байгууламж, дулааны цахилгаан станц юм. Эдгээр ажлууд ирэх жилээс суурь нь тавигдаад эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Тойргийнхоо иргэд болон Чингис хотынхоо нийт ард иргэдэд хандаад та юу хэлэх вэ?

-Иргэд та бүхнийхээ тав тухтай орчинд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө, төр ард түмэн та бүгдийнхээ гүүр нь болж өөрийн чадах бүхнээ зориулан ажиллана. Үүнд иргэдийн маань оролцоо санаачилга хамгийн чухал гэдгийг хэлье. 

Холбоотой мэдээ