Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг 11 төрлийн хагалгааг хийж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-12-06 13:29:37
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Мэс заслын тасаг нь өвчтөн төвтэй, хөнөөл багатай мэс заслын тусламжийг өндөр чадамж, ёс зүйтэй, нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг чанартай аюулгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.
Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн ор хоногийг сүүлийн 3 жилээр авч үзэхэд буурсан үзүүлэлттэй буюу дундаж ор хоног 6,7 байна. Харин нийт мэс заслын тоог 3 жилээр харахад өссөн буюу 2019 онд 767 мэс засал хийжээ. Энэ дундаа гэмтлийн хагалгааны тоо өссөн байгаа юм. 2017 оноос дурангийн мэс заслыг хийж эхэлсэн ба энэ ондоо 73, 2018 онд 104, 2019 онд 128 болж өсч, жил тутам 29 хувиар өссөн байна. Дурангаар цөсний хүүдий авах, мухар олгой, цавины эвэрхий нөхөх, төмсөгний өргөссөн судас боох, өндгөвчний уйланхай авах, хэвлийн наалдац салгах гэх мэтчилэн 11 төрлийн хагалгааг хийдэг байна.
Нээлттэй хаалганы өдрөөр дурангийн хагалгаанд ашиглаж байгаа багаж, төхөөрөмжийг иргэдэд үзүүлж, хэрхэн ашигладгийг танилцууллаа. Мөн бусад ашигладаг багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл зэргийг танилцуулав.
Холбоотой мэдээ