АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-06 09:32:12

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид кибер гэмт хэрэгт холбоотой ОХУ-ын компаниуд болон хувь хүмүүст хориг арга хэмжээ авлаа гэж тус улсын Сангийн яам мэдээлэв.


Тухайлбал, “Evil Corp” компанид хориг арга хэмжээ авсан байна. АНУ-ын Сангийн яамны мэдээлэлд тус компанийг “Dridex вирусийг хөгжүүлэх, тараах ажлыг хариуцдаг Оросын кибер гэмт хэргийн байгууллага” гэж нэрлэжээ. Түүнчлэн 17 хүн, долоон байгууллага хориг арга хэмжээнд өртсөн байна.


АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Москвад амьдардаг Оросын иргэн Максим Якубецын эсрэг Питтсбург хотод /Пенсильваниа/  болон Небраска муж улсад  хэрэг үүсгэжээ. Тэрбээр кибер халдлага, банкны луйвар хийсэн тул "сүүлийн арван жилийн хамгийн муу хакерын халдлагынхаа төлөө" хариуцлага хүлээнэ гэж тус яам мэдээлжээ.


Якубец нь хувийн болон санхүүгийн мэдээллийг хулгайлах зориулалттай “Bugat” вирусыг тараасан гэмт бүлэглэлийг удирдсан гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байгаа аж.


АНУ-ын эрх баригчдын мэдээлж байгаагаар ОХУ-д амьдардаг Игорь Турашевыг мөн кибер гэмт хэрэгт буруутгажээ. Түүнийг дэлхий даяар хэдэн зуун мянган компьютерт вирус "халдаасан" гэж буруутгаж байгаа бөгөөд энэ халдлагын улмаас нийтдээ 70 сая гаруй ам.доллар алдсан байна. 


АНУ-ын Төрийн департамент болон Холбооны мөрдөх товчоо “Якубецийг баривчлахад тус болох эсвэл гэм буруутайг нь нотлох мэдээлэлд” 5 сая ам.долларын шан амлажээ.

Холбоотой мэдээ