УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-05 18:13:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онд шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулжээ. Хуулийн дагуу УИХ-ын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад олон хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байжээ. Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ. Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.


Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар тусгажээ. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх, нам, эвсэл сонгуульд оролцохдоо ээлжит сонгуулийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1 хүртэл тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивыг төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө албан тушаалаа хүлээлгэн өгсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох, сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулахаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэх онцлог зохицуулалтыг тусгасан байна.


Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо. Хуулийн төслийг маргааш буюу энэ сарын 6-нд болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Төслийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ