Гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх ажил эхэллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-05 11:17:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт байгаа гэрийн тэжээвэр нохой, муурт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бүртгэж гэрчилгээжүүлэх ажил 12 дугаар сараас хэрэгжиж эхэллээ.   

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр нохой, муурыг бүртгэж гэрчилгээжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулахаас гадна нохой, муур эзэмшигч иргэдэд эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зөвлөмж өгөхөд энэхүү ажлын гол зорилго чиглэж байна.  

Энэ ажлыг хэрэгжүүлснээр нохой, муурнаас үүдэлтэй халдварт, шимэгчтэх өвчнөөс хүн, мал амьтныг хамгаалах, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс нохой, муур тэжээж буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг уриалав.

Тус үйл ажиллагаанд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Цаашид холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн Жаргалант сумын 12 багийн иргэдийн бүртгэл, судалгааны дагуу айл өрхүүдээр явж тэжээвэр нохой, муур бүртгэнэ. Бүртгэсэн нохой, муурт малын эмч эрүүл мэндийн үзлэг, шимэгчтэх өвчний эсрэг туулгалт хийж, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих аж.

Мөн нохой, муурны зориулалтын байр, уяа орчмын талбайд зохих журмын дагуу халдваргүйжүүлэлт хийх, мал эмнэлгийн үзлэг, үйлчилгээнд хамрагдсан нохой, муурт тусгай дугаар бүхий пайз зүүж, гэрчилгээ олгох, иргэдэд халдварт өвчнөөс сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл хийх юм. 

Холбоотой мэдээ