Шугамын гэрээт автобуснуудын зөрчил эрс багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 16:43:04

Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд он гарсаар давхардсан тоогоор 620 орчим иргэн зорчсон байна.

Энэ жил нийслэл Улаанбаатар хотруу зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн нь том оврын автобус өдөр бүр 11:00, 16:00 цагаас тогтмол явж байгаатай холбоотой юм. Урьд нь жижиг оврын микро, истана, фургон маркийн машин зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байхад өдөрт нэг том оврын автобусанд зорчигч нь дүүрч хүлээлт, дараалал үүсгэдэгээс иргэд аргагүйн эрхэнд жижиг оврын автомашинд тохь тух муутай хол замыг туулдаг байсан. Харин шинэ хууль гарснаар жижиг оврын микро болон фургон автомашинаар зорчигч тээвэрлэхээ больсноос хойш иргэд тохитой тухтай шугамын автобусаар үйлчлүүлэх нь эрс нэмэгдсэн. Түүнчлэн шугамын гэрээт автобус нь тогтсон цагт хөдөлж холын замд шалтгаангүй саатах, хурд, ачаа, зорчигчдын тоог хэтрүүлэх зэрэг зөрчил эрс багассан хэмээн Завхан дахь АТТ-өөс мэдээллээ.

Завханаас Улаанбаатар хотруу 0-5 насны хүүхдийг суудал эзлүүлэхгүйгээр үнэгүй тээвэрлэж  6-12 насны хүүхдийн тасалбар /үнийн дүнгийн 50 хувьтай  тэнцэх/ 24400 төгрөгөөр бичиж суудал эзлүүлэн явж байна. Мөн 13-аас дээш насны иргэд 48800 төгрөгөөр зорчиж байна. Харин  60*40*20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 20 кг хүртэлх жинтэй гар тээшийг зорчигч үнэ төлбөргүй биедээ авч явах ба 20 кг-аас дээш жинтэй ачаанд 1 кг тутамд 500 төгрөг төлж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ