Ирэх онд ДНБ-ий 2 хувийг ногоон эдийн засагт зориулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-04 18:27:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ногоон эдийн засгийн тухай ойлголт тогтвортой хөгжлийн замналтай уялдан гарч ирсэн. НҮБ-аас ногоон эдийн засгийг тогтвортой хөгжилд хүрэх гол хэрэгсэл хэмээн тодорхойлсны дагуу манай улс 2014 онд Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг, 2016 онд бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан юм. Үүний үр дүнд байгаль орчин төдийгүй бусад эдийн засгийн салбаруудад ч тодорхой ахиц дэвшил гарч, ногоон хөгжлийн бодлого манай улсад амжилттай хэрэгжиж байгааг өнөөдөр болсон “Ногоон эдийн засаг ба загварчлал” зөвлөлдөх уулзалтаар онцоллоо.


Манай улс Ногоон хөгжлийн бодлогыг 2014-2021, 2021-2030 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. 2020 оноос ДНБ-ний 2 хувийг ногоон эдийн засагт хөрөнгө оруулахад зарцуулах юм.



БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган: “Эрчим хүчний салбарт Монгол Улсын хэмжээнд үйлдвэлэгдэж буй сэргээгдэх эрчим  хүчний 18 хувьд хүрч чадсан байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд олон улсын байгууллага, уур амьсгалын сантай хамтран санхүүгийн механизмыг түлхүү ашигласан нь тодорхой үр дүнд хүрэхэд хувь нэмэр болсон гэж үзэж байгаа юм. Хэдийгээр эхний шатандаа байгаа ч ногоон болохын үндэс суурыг тавих ажилд хэд хэдэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Жишээ нь барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулах төсөл НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хууль буюу тендерийн хуульд ногоон худалдан авалт гэсэн ойлголт чиглэлийг үйл ажиллагаанд оруулж өгсөн. Энэ нь байгальд ээлтэй ногоон үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн худалдан авалтаар дэмжигдэх боломж бүрдэх эх үүсвэр боллоо” хэмээв.


Тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд манай арилжааны банкууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, БОАЖЯ, Банкуудын холбоотой хамтран тогтвортой санхүүгийн систем бий болгохоор ажиллаж эхэлсний үр дүнд банкууд аливаа зээл олгохдоо байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харж үздэг болжээ.



Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б. Лакшми: “Ногоон хөгжлийн бодлогыг дагаад хувийн хэвшлээс санал санаачлагууд гарч байгаа нь сайшаалтай. Тухайлбал, ХасБанк ногоон зээлийн санхүүжилт олгох олон улсын түвшний зөвшөөрөл авсан байна. Цаашлаад Эко паркийн төсөл, цаас дахин боловсруулах төсөл зэрэг олон төсөл бизнесийн салбарт хэрэгжиж байна. Ногоон хөгжлийн бодлого нь тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нэг арга хэрэгсэл учир үүнээс гарах үр дүн их” гэлээ.




Холбоотой мэдээ