Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 93 хувь буюу үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-03 10:12:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Х хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  хэрэгжилтийг хэлэлцлээ.

 Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутгийн эдийн засаг, нийгмийн салбарын бодлогыг тодорхойлсон 262 зорилт дэвшүүлж, үүний хүрээнд 478 арга хэмжээ төлөвлөжээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудад Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу хяналт, шинжилгээ хийхэд 2019 оны байдлаар өссөн дүнгээр 369 арга хэмжээ 100 хувь, 88 арга хэмжээ 70 хувь, есөн арга хэмжээ 40 хувь, нийт гүйцэтгэлтэй хэрэгжжээ. Мөн үнэлэх боломжгүй долоо, хэрэгжүүлэх хугацаа нь болоогүй таван арга хэмжээ байгаа аж.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлаар санал хурааж 93 хувь буюу үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэлээ.  

  

Холбоотой мэдээ