Даян нуурын мөс цөмөрч, ачааны машинаар зорчиж явсан иргэн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-02 20:51:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутагт орших Даян нуурын мөс цөмөрч, дээгүүр нь ачааны машинаар зорчиж явсан нэг иргэн амиа алдсан байна.

Уг асуудлаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн захирагч, хошууч Т.Естайгаас тодруулахад, "Сагсай сумын зургадугаар багийн иргэн А-гийн жолоодсон "Стивр" маркийн ачааны машин  Цэнгэл сумаас тоосго ачиж, Даян багт байрлалтай хилийн 0165 дугаар ангийн заставыг чиглэн нуурын дээгүүр явж байжээ. Тээврийн хэрэгслийн жолооч мөс цөмрөхөөс өмнө машинаасаа гарч амжсан байна. Харин түүний туслах болох 25 настай, А нь үсэрч амжилгүй машины хамт живжээ. Тухайн ослын тухай дуудлагыг манай байгууллага энэ сарын 1-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, орон нутгийн 50 иргэн мөн өдрийн 16:30 цагийн үед осол болсон газарт очиж ажиллалаа. Аврагчид нуурын баруун урд эргээс 400 метр газарт гурван удаа шумбалт хийж, усанд живсэн иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн" гэв.

Осол болсон нуурын хэсэг нь гурван метр гүн байжээ. Харин живсэн ачааны машиныг одоогоор гаргаагүй бөгөөд холбогдох тооцоо судалгааг хийж байгаа хэмээн тэрээр хэллээ. 

Холбоотой мэдээ