Гал түймрээс урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-02 14:36:48

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас гэр хороолол, айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, гарч байгаа гал түймрийн тоо, хор хохирлыг бууруулах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой аяныг өнгөрсөн 11 дүгээр сарын 05-наас 20-ныг дуустал аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.

Иргэд таггүй саванд хог хийх, үнс нурмыг ил задгай асгах, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй цахилгааны утсыг дур мэдэн холбох, гэр хоорондын тогтоосон  зайг хэмжээнээс зөрүүлсэн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Албаныхан зөрчлийг газар дээр нь арилгуулах заавар зөвлөгөөг хүргэсэн бөгөөд хяналт шалгалтаар нийт 1769 айл өрхийн 4798 иргэнийг хамруулж, давхардсан тоогоор 746 зөрчил дутагдал илрүүлж, 138 зөрчлийг арилгуулж, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага, бусад материалыг тараажээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сайншанд, Айраг, Замын-Үүд сумын айл өрхүүдэд Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангийн бие бүрэлдэхүүн тус сумдын багийн дарга, хэсгийн ахлагч бусад холбогдох албаныхан зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ