2019 оны шилдэг судлаачид шагналаа гардав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-29 16:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-иас  11 жил завсарлаад байсан “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”  шагналыг энэ жилээс  дахин олголоо.  

Шагналыг ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг.

Энэ жил  “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд 6 хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшсэнээс, ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус  тодорлоо.   

ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн нь  МУИС-ийн Байгалийн ухааны Факультетийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн. Сүүлийн 4 жилийн хугацаанд физикийн ухаанаар 2 магистр, физик, химийн ухаанаар 2 докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн БСШУС-ын Сайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл  хэрэгжүүлсэн, Литийн ионы батарейн 2 лаборатори шинээр байгуулсан, ашигтай загварын гэрчилгээ авсан, “Шинжлэх ухаан инновац 2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-тай, ЕБС-ийн Физик 1, 2 номыг редакторлаж, хэрэглээнд нэвтрүүлсэн, 2 магистр, 2 доктор удирдан хамгаалуулсан, сүүлийн 5 жилд 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс Олон улсын IF сэтгүүлд 15-ыг хэвлүүлсэн байна. 



ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц. Золзаяа судлаачийн судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалыг гарган авахад цемент хэрэглээгүйн зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг олон давуу талтай ажлууд болжээ. Тухайлбал, Хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна. Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай. Бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага зэргийг дурдаж болно.

Холбоотой мэдээ