Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-28 11:07:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн “Харганат” хэмээх газар дахь гэрээсээ энэ сарын 24-ний өдөр гарч сураггүй болсон иргэн 35 настай О-г эсэн мэнд олжээ.

Тухайн иргэн сумын төвөөс 8 км газарт орших гэрээсээ 13:00 цагийн орчимд явган гараад сураггүй болжээ. Ар гэрийн хүмүүс нь хоёр өдрийн турш эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ сарын 25-ны өдрийн 22:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн долоон алба хаагч, нэг албаны эрэлч нохой, ар гэрээс нь 38 хүн эрэн хайх ажиллагаа явуулжээ. Ажиллагааны үр дүнд иргэн О-г Бугат сумын хоёр дугаар багийн  “Морин толгой” гэдэг газраас /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км газарт/ энэ сарын 26-ны өдрийн 19:30 цагт эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна..

Холбоотой мэдээ