Өвөрмонгол зохиолчид "Хүмүүн бичиг" сонинд зочлов

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-12-04 11:49:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрмонголын алдарт романч Э.Бүрэнтөгс тэргүүтэй зохиолчид МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины редакцид зочиллоо. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолчид “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд байсан юм. Монгол Улсад монгол бичгээр дагнан гардаг цорын ганц сонины редакцид зочилж, уран бичлэгийн галерей үзэж сонирхох үеэр нь зохиолчдын сэтгэгдлийг сонслоо.


Өвөр Монголын нэрт зохиолч, соёлын зүтгэлтэн Зандраа:

-Монгол туургатны уран зохиолын шилмэл бүтээлээс дээжлэн монгол хэлээр хөрвүүлэн кирил бичгээр хэвлэх төсөл хэрэгжүүлж байгаа Улаанбаатарын их сургуулийн захирал, доктор, профессор С.Байгалсайханы удирдсан "Монгол туургатны сонгомол номын сан" цувралд миний зохиол бүтээлээс оруулсанд баяртай байна. Өмнөд монгол зохиолч бид ар Монголынхоо зохиолчидтой уулзаж, зохиол бүтээлээ ярьж байгаа нь сайхан явдал болж байна. Миний хувьд, "Ингэн цэгээний зуслан" найрууллын номоо  МУСГЗ, зохиолч Х.Зандраабайдыгийн хөрвүүлгээр гаргасан бол, яруу найрагч, зохиолч С.Болдхуягийн хөрвүүлгээр  "Хүн чөтгөр хоёрын дунд бурхан булагдана" номоо 2017 онд хэвлүүлсэн. Энэ удаа "Монгол туургатны сонгомол номын сан" төслийн цувралаар "Тэнгэрийн гөрөөс" номоо гаргалаа. 

-Өвөрмонголын зохиолчдын дундаас шилэгдсэн болохоор таны бүтээлээс сонирхмоор байна?

-1953 онд хуучин Алшаа хошууны Баяннуруун багт малчны гэр бүлд төрсөн. Орон нутгийнхаа Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны ажлын зөвлөлийн Тэргүүлэгчийн тушаалд тасралтгүй алба хаасаар 2013 онд тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд өөрийн бичих авьяасаа хөгжүүлж, хятад, монгол хэлээр 20 гаруй ном хэвлүүлсэн. Тэр дундаа монгол уран бичлэгийн 67 ном гаргасан. ӨМӨЗО-ны Их сургуулийн монгол, хятад утга зохиолын ангийг 1971 онд төгссөнөөс хойш утга зохиолын ажилд зүтгэж дээрх ном бүтээлийг туурвисан.

-Манай Монгол Улсын ямар зохиолчтой танилцаж байв?

-Монголд 2006 онд анх ирэхдээ Төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж гуайтай уулзаж танилцсан. Тэгэхэд Монголын зохиолчдын байгууллагын Х.Чилаажав тэргүүтэй зохиолчидтой уулзаж Хэнтий аймгаар явсан. Өвөрмонголоос 9-үүлээ ирж байсан. Монгол Улсын зохиолчдын бүтээлийг 1970 оноос уншиж, тэр үеэс монгол зохиолчдын ном бүтээлтэй танилцсан. 



Тарчид овгийн Тачингаагийн Элхэнгээ / БНХАУ-ын нэгдүгээр дэсийн зохиолч/

-МЗЭ-ийн урилгаар 2006 онд Монгол Улсад Өвөрмонголоос 30 гаруй зохиолч ирж байлаа. Энэ үеэс Монголын уран зохиолтой нэлээд гүнзгий танилцсан. Олон ч монгол зохиолч нөхөдтэй болсон. Х.Чилаажав, Х.Зандраабайды, Д.Урианхай, Д.Цоодол нартай сайн танилцсан даа. 2018 онд хоёрдахь удаагаа ирж Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ аймгаар аялж, Монголын түүх ихтэй Орхон, Сэлэнгэ мөрний сав нутгийг үзсэн.

-Таны "Цахар ханы захиа" романаас үзэхэд та Монголын цахар үндэстэнтэй холбоотой санагдлаа?

- Тийм шүү. Эцэг өвгөд маань цахар улс. Би Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумаар явахдаа цахар улсуудын удам угсаа байдгийг мэдсэн. Сүүлд, Монголын нэрт яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн шүлэгт цахар гэсэн үгс байгааг олж үзсэн. Тариат сумын Хорго, Тэрхийн цагаан нуур, Өндөр-Улааны Чулуутын хавцал надад маш өндөр сэтгэгдэл төрсөн. Монголд ирэх болгондоо тийшээ явмаар санагдаад байгаа.

- Монголын сүүлчийн хаан Лигдэн цахар хүн л дээ. Таны шинэ романд цахар үндэстний тухай өгүүлэх үү?

- Лигдэн хааны мэдэлд байсан цахарууд 300 жилийн тэртээ Хангайн нурууны салбар их уулс, Орхон, Тамир, Хануй, Чулуутын тунгалаг мөрнүүдийн сав газар, эдүгээгийн Архангай аймгийн нутагт ханаа шийрлэж, тулгаа тулж явжээ. Батмөнх даян хааны зургаан түмний нэгээхэн хэсэг овог аймгууд түүхийн шуурганд уруудаж, цагийн салхинд туугдан урагшаа Өвөрмонголын нутагт нүүдэллэсэн. Гагцхүү тэгж нүүхдээ, хөдсөн дээлээ бүсэлж, хөсөг тэргээ хөллөсөн хөөрхий нүүдэлчид хөрстийн цээжинд цайвалзах цал мөнгөн тэргүүнтэй Архангайн уулаа аргадан "Архангай минь, Архангай минь эндээ саатаж бай...Бид удахгүй буцаж ирэх юм" гээд сүүгээ өргөн мөргөж байжээ. Энэ тухай бичсэн роман л даа.

- Нэгдүгээр дэсийн зохиолч гэхээр шилдэг зохиолч гэсэн үг үү?

-За зохиолчдынхоо бол дээд зэрэг цол гэж болно. Манай улсад жүжигчин, зураач, хөгжмийн зохиолч, бүжигчин зэрэг уран бүтээлийн зэргийг нэгээс тавдугаар зэрэг хүртэл олгодог.



Боржигин овогт Пунсагийн Оюунгэрэл /ӨМӨЗО-ны зохиолчдын нийгэмлэгийн гишүүн/

-Монгол Улсад анх удаа ирлээ. Өөрийнхөө романыг монгол уншигчдад хүргэж байгаадаа их баяртай байна. "Монгол туургатны сонгомол номын сан" төсөлд ном маань орсон. Шинэ бүтээлээ Монголын уншигчиддаа хүргэж байх сэтгэгдэл их төрж байна. Бидний монгол ахуйгаас сурсан хүмүүжил, боловсрол, ёс заншил, түүх их адилхан.

- Бүтээлээсээ сонирхуулна уу?

- 1976 онд Шилийн гол аймгийн Багшийн сургууль төгссөнөөс 40 орчим жил сурган хүмүүжүүлэх ажил хийлээ. 1980 оноос зохиол сонирхон оролдсон. Анхны өгүүллэг маань "Дуусашгүй амьдрал" нэртэйгээр Үзэмчний сэтгүүлд хэвлэгдсэн. Түүнээс хойш олон өгүүллэг, найруулал, туужийн төрлөөр бичиж байна. "Элсэнд булагдсан сувд" романаа  Монгол Улсад анх удаа хэвлүүлж байна.


Э.Бүрэнтөгс / ӨМӨЗО-ны нэрт зохиолч/

- Миний зохиол бүтээл Монголын уншигчдын хүртээл болж буйд их баярлаж явдаг. "Хан дэлхийн буян" романыг маань 1999 онд анх удаа Монголын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай уншаад өмнөтгөл бичиж монгол уншигчдад хүргэсэн. Харин "Дэлгэрхангай" романыг маань ноднин "Монгол туургатны сонгомол номын сан" цувралын эхний ном болгон хэвлүүлсэн. Монгол туургатны шилмэл зохиолыг хэвлэх төслийн салхийг миний зохиолоор хагалсан нь надад том хүндэтгэл юм.

-Таныг Өвөрмонголын алдарт романч гэдгээр монгол уншигчид таньдаг болжээ. Өвөрмонголд хэчнээн роман гараад байна вэ?

- Монгол Улсад хоёр романаа хэвлүүлсэн маань өчүүхэн надад том шагнал. Би Хятаддаа ч тэр харьцангуй цөөхөн бүтээл хэвлүүлсэн. Хятад хэлээр нэг л романаа хэвлүүлсэн. Өвөрмонголд 10 гаруй бүтээл хэвлүүлжээ. Ном гээд хэлэхээр бас л цөөхөн. Өвөрмонголд 1978 оноос өнөөдрийг хүртэл 298 роман хэвлэгдсэн юм байна билээ. Үүнээс өмнөх 60 жилд ердөө нэг роман гарсан байдаг. Энэ үеийг Өвөрмонголын зохиолчид "хагас роман" гэж ярьдаг. Харин сүүлийн 40 жилд гарсан 298 романы үеийг "Бүтэн роман" гэдэг. Одоо хэн нэгэн хоёр роман биччихвэл 300 роман болж "Бүтнээс бүтэн роман" гэж ярих байх аа /инээв/. Ямар ч байсан Өвөрмонголын зохиолчид энэ үеэ "Утга зохиолын шинэ эрин" гэж чанга хэлэх эрхтэй болсон байна.

Монгол туургатан зохиолчдын бүтээл ийнхүү дотоод тушаанаасаа гарч чөлөөтэй болоход Монгол Улсын зохиолчид, Монголын утга зохиол их нөлөөлж байна. Зөвхөн 2018-2019 онд гэхэд Өвөрмонголын зохиолчийн 8 роман, хоёр тууж монгол хэлээр кирил үсгээр хэвлэгдээд байна. Миний хувьд, монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Пүрэвдорж, Д.Цоодол, Г.Аким, Л.Дашням, Л.Дагвадорж, Ж.Саруулбуян, судлаач эрдэмтэн С.Байгалсайхан нарын олон сайхан нөхөдтэй байнгын харилцаатай болсон. Ирэх болгондоо шинэ найзтай болж, уран бүтээлийн олз арвидсаар байна.

Холбоотой мэдээ