Төв, хөдөөгийн эмч нар хамтран 11 иргэнд хэнгэрэг нөхөх хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-27 19:38:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн, амьдралын чанарыг сайжруулах зорилготой “Сэтгэлийн сонсголон” хөтөлбөр Баянхонгор аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын санаачилгаар 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжсэн тус хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 45 иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өндөр өртөгтэй үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байсан бол энэ онд орон нутагтаа оношилгоо эмчилгээнд хамрагдлаа.

Тодруулбал, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын Нэг цэгийн үйлчилгээний төв, Нэгдсэн эмнэлэгт түшиглэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолой, урологи, гастрэнтерологи, бөөр, дотоод шүүрэл, уушиг, мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг Баянхонгорт ажиллаж, байнгын асаргаанд байдаг хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй 132 иргэнд гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн сонсголын бэрхшээлтэй 11 иргэнд УНТЭ-ийн Чих хамар хоолойн мэс заслын эмч Н.Мэндсайхан, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч С.Энхбаяр нар хамтран хэнгэрэг нөхөх хагалгааг, УНТЭ-ийн Урологийн мэс заслын эмч С.Эрдэнэсайхан, Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, ЭХМК-ын гишүүн Ц.Бат-Очир, мэс заслын эмч Н.Баттогтох нар хамтран орон нутагт анх удаа түрүү булчирхайн хагалгааг таван иргэнд үнэ төлбөргүй хийснээрээ онцлог ажил болжээ. Түүнээс гадна УНТЭ-ийн эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарт танхимын болон ажлын байран дахь сургалтыг зохион байгуулсан байна.

Сонирхуулахад, УНТЭ-ийн эмч нарыг Баянхонгорт ажиллах үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн ажилтан Б.Лхамсүрэн орон нутгаасаа нэгдүгээр төв эмнэлгийн цахим бүртгэлд онлайнаар шууд хандан дугаар захиалан үйлчлүүлэх шинэчлэлтийг холбогдох бүртгэлийн програмд хийсэн байна. Ингэснаар орон нутгийн иргэд цаг алдах чирэгдэлгүйгээр гуравдугаар шатлалын эмнэлэгт оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байгаа аж.

Холбоотой мэдээ