Хоёр баярын өдөр, үндэсний бөхийн нэг барилдаан

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-11-25 19:05:46

Энэ сарын 26,27 бүх нийтээр амарна. Хөдөлмөрийн тухай хуульд ингэж заажээ. Хоёр өдөр дараалан амарч байгаа үйл явдал нь нэг нь аргын, нөгөө нь билгийн тооллоор тэмдэглэлт өдөр болгон тогтоосонтой холоотой. Эхний өдөр буюу маргааш (11 дүгээр сарын 26) тэмдэглэх өдөр нь Монгол Улс анхны Үндсэн хууль баталсан үйл явдал одоогоос 95 жилийн өмнө болжээ. Аргын тооллын 1924 оны 11 дүгээр сарын 26 гэдэг бол манай улс, улс төр (засаглал)-ийн хувьд чухал сонголтын өмнө байжээ. Тухайн үед төрийн тэргүүн Богд хаан ( наймдугаар Богд) нас барсан (1924 оны 5 дугаар сард) байсан аж. Түүнээс хойш дөрвөн сарын дараа (1924 оны 09 дүгээр сарын 08) Улсын анхдугаар Их хурал нээлтээ хийсэн аж.


Тус их хуралд Халхын дөрөв, Дөрвөдийн хоёр Алтай, Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу, ардын цэргийн ангиудаас 90 хүн төлөөлөгчөөр сонгогдсон байна. Төлөөлөгчдөөс 77 нь хуралд оролцжээ. Их хурлын төлөөлөгчид 78 хоног хуралдаж анхдугаар Үндсэн хуулийг мөн оны 11 дүгээр сарын 26-ны 16 цаг 15 минутад санал нэгтэй баталж, дэлхий нийтэд Бүгд найрамдах Монгол ард улс (БНМАУ)-ыг тунхаглан зарлажээ. Үндсэн хууль (анхдугаарбаталсан нь Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг сонгосон үйл явдал болсон байна. Сүүлийн өдрүүдэд энэ өдрийг улс тунхагласан өдөр биш хаант ёсыг халж, Бүгд найрамдах засаглалыг сонгосон өдөр гэж ярьж хэлэх боллоо. Юу гэж нэрлэх нь таны хэрэг. Харин одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар “улс тунхагласан баярын өдөр” гэж нэрлэж байгаа билээ.


Үндсэн хууль (анхдугаар) баталсан 60 жилийн ойг анх 1984 онд тэмдэглэн 128 бөх (үндэсний)  барилдаж байсан аж. Харин 1990 оноос уг өдрийг үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж тэмдэглэх болжээ. Гэхдээ дунд нь бөхийн барилдаан зохиогдоогүй өнжиж байсан байх юм. Тухайлбал, 1996 онд тодорхойгүй шалтгаанаар үндэсний бөхийн барилдаан зохион байгуулаагүй. Улмаар 2009 онд N1H1 вирүсийн халдварт өвчин дэгдсэн тул бүх нийтийн хөл хорио тогтоосны улмаас бөхийн барилдаан болоогүй ажээ.


УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын есөн гишүүн 2016 онд Үндсэн хууль (анхдугаар) баталсан өдрийг “бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр”  болгон сэргээх хуулийн төсөл санаачлан УИХ 2016 оны 11 сарын 18-ны өдөр баталжээ. Энэ хууль батлагдсанаар Хөдөлмөрийн хуульд энэ өдрийг амралтын өдөр болгон оруулжээ.


Ерөнхийлөгч 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлиг гарган билгийн тооллын өвлийн эхэн сарын  шинийн 1-ийг эзэн богд Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болжээ.  Энэ өдрийг тогтоохдоо холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон аж. "Монгол бахархлын өдөр"- ийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгийрүүлж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг хүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтжээ.


Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар есөн  цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнийг “Чингис хаан” одонг гардуулах ёслол, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолд урина. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч гарын бэлэг өгнө. Мөн Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж журмалжээ. Энэ жил журамд  хамт олон, байгууллагад  олгодог өөрчлөлт оржээ.


Хамт олон, байгууллагад  олгох  анхны “Чингис хаан” одонг “Хү” хамтлагт олгоно. Гэхдээ  хүзүүнд зүүдэг том хэсгийг нь жаазалж албан тасалгаанд тавьдаг хэлбэртэй болгоно. Хамтлагийн гишүүдэд энгэрийн жижиг хэлбэртэй одонг тус бүрт нь олгох юм байна. Тэдний шагналыг “Монгол бахархлын өдөр” (11дүгээр сарын 27) гардуулна. Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1 энэ сарын 27-нд тохиож байгаа учир хоёр өдөр бүх нийтээр амрах болжээ. Нэг өдрийн зөрүүтэй болох хоёр баярын үндэсний бөхийн барилдаан нэг дор (11 дүгээр сарын 27) Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Холбоотой мэдээ