Онцгой байдлын газарт 71 ширхэг галын нөмрөг гардууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-25 12:00:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Онцгой байдлын газарт 71 ширхэг галын нөмрөг гардуулан өглөө.

Уг нөмрөгийг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас 4.970.000 төгрөг шийдвэрлэн ийнхүү гардуулсан аж. "Нанопланет" ХХК-ийн тус галын нөмрөг нь галд тэсвэртэй шилэн хөвөнгийн орцтой материалаар хийсэн бөгөөд эхлэн гарч байгаа объектын болон ой хээрийн түймрийн үед биеэ далдлан, гал гарч буй орчноос дайжих, мөн эхлэн гарч байгаа галыг дарж унтраахад зориулагджээ.

Галын нөмрөг хүлээж авсан аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбат талархсанаа илэрхийлээд галын нөмрөг нь галын аюултай үед амин чухал хэрэгтэй байдаг. Ялангуяа аврагчид ой хээрийн түймэртэй үед салхины чиг өөрчлөгдөх аюул тулгардаг. Тиймээс өөрийгөө болон өрөөлийг аврахад онцгой үүрэгтэй гэлээ.

Уг галын нөмрөгийг ОБГ-ын хэрэгцээ шаардлага, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн батлан хамгаалах, гамшгаас хамгаалах бодлогын хүрээнд шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ