172 иргэн Төрийн жинхэнэ алба хаагчийн ерөнхий шалгалт өгчээ

Орон нутагт | Дорнод
delgermaa@montsame.mn
2019-11-22 17:27:25

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 172 иргэн Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий шалгалт өгчээ.  Монгол Улсын Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа зохиож буй энэхүү шалгалт нь улс орон даяар зэрэг болж төрийн албанд ажиллах албан хаагчийн нөөц бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж, Дорнод аймагт Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын ахлах мэргэжилтэн Г.Нансалмаа шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ.

Ерөнхий мэдлэгийн шалгалт нь төрийн бодлого, төрийн захиргаа, Төрийн албаны тухай хууль, эрх зүй, түүх соёл, нийгэм, эдийн засаг, мэдээллийн технологийн тухай асуултуудаас бүрдэж 35-аас дээш оноо авсан тохиолдолд монгол хэл, бичгийн чадварын шалгалт өгөх юм.

Харин шалгалтад 20-оос дээш оноо авсан иргэд дүн шинжилгээ хийх чадвар буюу, сэтгэхүйн чадамжийн шалгалт өгч нийт 65-аас дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэнэ. Нөөцөд бүртгэгдсэн иргэн нь төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдохгүй. Харин Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх аж.  

Холбоотой мэдээ