“Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-22 14:24:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар болон “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран энэ сарын 16-30-ны өдрийг “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аян болгосон байна.

Аян нь нэгд, зохиогчийн эрхийн зөрчлийг багасгах, хоёрт, кино урлагийг дэмжиж байгаа хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, гуравт, оюуны өмч болон зохиогчийн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг сайжруулах, үүгээр дамжуулан зөрчил гаргуулахгүй байхыг зорьжээ. Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлж байгаа тул энэ салбарт анхаарах шаардлагатай” гэж аяныг санаачлагчид үзсэн юм. Тиймээс Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” хамтран кино уран бүтээлийг хууль бусаар олшруулах, цахим орчинд хууль бусаар түгээх явдалд хяналт тавьж эхэлсэн байна. 

 Кино найруулагч О.Батзориг: - Би хөрөнгө мөнгөө зориулж хийсэн киногоо хулгайчдын гарт алдаж үзсэн. Үүнээс үүдэн Оюуны өмчийн хулгайн эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэдгийг ойлгосон.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг  эхлүүлээд байна. “Шөнө дундын яриа-2” гэдэг кино маань Youtube болон Facebook гээд сошиал орчинд тарсан байсан. Энэ бол миний хийсэн кинонууд дундаас хамгийн өндөр өртгөөр буюу 120-иод сая төгрөгөөр бүтсэн уран бүтээл. Тэгээд Монголын уран бүтээлийг хамгаалах холбоог 2015 онд байгуулсан. Бид Оюуны өмчийн газар, Кино уран бүтээлийг хамгаалах холбоотой  хамтраад 2, 3 сар уйгагүй хөөцөлдсөний хүчинд өөрийнхөө киног Youtube болон Facebook-ээс устгуулсан. Мөн устгадаг болголоо. CD, DVD хууль бусаар олшруулдаг нөхдүүдтэй зөвшилцөлд хүрсэн. Энэ бол үнэхээр үр дүн юм. Одоо уран бүтээлчид маань бүгдээрээ энэ аянд нэгдэж оюуны өмчийн талаарх ойлголтоо илүү зузаатгаж, уран бүтээлээ хамгаалаасай гэх үүднээс “Кино урлагаа хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.

МУСТА Б.Эрдэнэцэцэг: -Кино урлаг бол маш олон уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрөөр бүтдэг учраас оюуны өмчөөр заавал бүрэн хамгаалагдсан байх ёстой. Кино уран бүтээлч та бүхнийг “Кино урлагаа аваръя” энэхүү аянд нэгдэхийг уриалъя.

Найруулагч Ц.Хүсэлбаатар: - Маш олон хүний уран бүтээлийг цаашид үнэ төлбөртэй үзэж хөрөнгө оруулалт хийснээрээ Монголын кино урлаг болон Телевизийн урлагийн хөгжилд том хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Тэгэж байж чанартай уран бүтээл гарах юм. Энэ аян үүнд тус болох юм шүү.

Найруулагч П.Дэлгэрбаяр: -Хүний оюуны бүтээлээс гарч байгаа энэ хөдөлмөрийг, бүтээлийг, өмчийг сошиал орчинд хэн нэгэнд хэнэггүйгээр тараах, шэйрлэж бусдад үнэгүйгээр түгээх нь өөрөө их ичгэвтэр зүйл, тэр хүний соёл боловсрол, нэр хүндийг харуулж байгаа үйл явдал гэж ойлгож болно. Энэ арга хэрэгслээр бусдад хууль бусаар түгээх нь ичгэвтэр зүйл юмаа гэдгийг үзэгчиддээ ойлгуулах нь энэ аяны маань ач холбогдол байгаасай гэж хүсэж байна. Гадуур зарж байгаа CD, DVD-нүүд кино уран бүтээлчид биднийг хүчгүйдүүлж байгаа асуудал юм. Кино уран бүтээл өөрөө маш их хөрөнгө мөнгөөр бүтдэг, зардал өндөртэй урлаг. Бидний чадан ядан хийсэн бүтээлийг тал, талаас нь зулгаахгүй байж чадвал Монголын кино урлаг маш амархан босно гэдэгт би итгэдэг. Ингээд кинонд хайртай хүмүүстээ “Кино урлагаа хамгаалъя” аянд идэвхтэй оролцоорой гэж захия хэмээн аяныг санаачлагчид ярилаа.

Холбоотой мэдээ