СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-21 10:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.


СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа аж. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны мэргэжлийн холбоодоос СЗХ-ны даргад удаа дараа санал гомдол хүргүүлжээ. Мөн УИХ-аас ажлын баг гарч, СЗХ-ны ажлыг шалган үүрэг чиглэл өгсөн ч хангалттай биелүүлээгүй байна. Тиймээс ББСБ-уудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг эрс шинэчлэх шаардлагатайг УИХ-ын дарга дурдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 8-ны чуулганы хуралдаанд танилцуулсан.


Эл асуудлаар гишүүд асуулт асууж, хариулсны дараа МАН-ын бүлгээс завсарлага авч хойшлуулаад байв. Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлаар санал хураасан юм. СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь дэмжив. 


Одоо чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ