Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг хөгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-20 19:26:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжив.


Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцууд дунджаар 40 гаруй жил болж буй бөгөөд ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Мөн 35, 110 кВ-ын хүчдэлийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлага үүсжээ. Иймээс төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй явуулах, шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм. Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх тохирчээ. Зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, жилийн хүү 2 хувь байх аж.


Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ