Малчид, мал бүхий иргэдийг өдөр тутамд орлоготой болгох нөхцөл бүрдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-20 22:18:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум аймагтаа хамгийн олон малтай. Тус сумын бэлчээрийн даац 3.8 дахин хэтэрсэн үзүүлэлтэй гарчээ.

Монгол Улсын Засгийн газраас Улсын хэмжээнд 60 сумыг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болгосны тоонд тус сум орсон байна. Сумын Засаг даргын зүгээс малчдын гол амьжиргааны эх үүсвэр болсон малын тоог цөөрүүл гэж  шахаж шаардахаа урьтал болголгүй малчид, мал бүхий иргэдийг өдөр тутамд орлоготой болгох нөхцлийг бүрдүүлж өгөх нь нэн тэргүүний шийдвэрлэх асуудлын нэг хэмээн үзсэн байна. Иймээс сумын төв, Рашаант тосгонд “Сүү хөргүүрийн цэг”, “Аарц цөцгийн цех”-ийг бий болгохоор зорьсон аж.

Ингээд сумын төвд Туулийн дэнж хороололд өдөрт 2000 литр сүү хүлээн авах хүчин чадал бүхий “Сүү хөргүүрийн цэг”-ийг барилга байгууламжийн хамт ашиглалтад оруулжээ. Энэхүү цех нь 2020 оны хавраас сүү саалийн цаг эхлэх үеэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Ингээд ажлаа эхлэхээр иргэдээс сүүг нь хүлээн авч Рашаант тосгон дахь “Аарц цөцгийн цех”-д нийлүүлэн “Орхонтуул суманд үйлвэрлэв” гэсэн хаяг шошготойгоор савлаж, зах зээлд борлуулах ажээ. Энэхүү ажлаа цаашид сумын брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьж байгаа гэв.

Рашаант тосгоны “Аарц цөцгийн цех”-ийн цахилгааны шугам холболтоос бусад бүх тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлуудыг бүрэн хийсэн байна. 

Холбоотой мэдээ