Монгол Улсад хөгжлийн бодлогын 203 баримт бичиг хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 15:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, А.Ундраа, Н.Амарзаяа болон яам, агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.


Монгол Улс 1990-2019 онд салбарын болон салбар хоорондын урт, дунд, богино хугацааны 600 орчим хөгжлийн бодлогын баримт бичиг баталснаас 203 нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хүчинтэй байгаа 203 бодлогын баримт бичгүүд нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацаа тодорхойгүй, яам, агентлагуудын бодлогын уялдаа хангалтгүй гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байв. Энэ нь сонгуулийн үр дүнд ялсан эрх баригч намын гаргасан Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь өмнөх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үгүйсгэдэг, бодлогоо боловсруулахдаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэдэггүйтэй холбоотойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Мөн хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах бие даасан байгууллага байгуулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн юм. Түүнчлэн хөгжлийн бодлогын нэгдсэн мэдээллийн сантай болох, яамдын ажлын уялдааг хангаж давхардлыг арилгах, баримт бичгүүдийг цөөлөх, төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулах санал гаргав.


Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт оруулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн дагуу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлах шаардлага үүссэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар санаачлан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд буй юм. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг уг хуулийн төсөлд тусгах аж. 

Холбоотой мэдээ