Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-20 16:01:03
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад, Оюутолгойн төсөл цаашид үргэлжлэх ёстой, гагцхүү гэрээг засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.


Тэрбээр, "Миний бие 2017 онд ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш Оюутолгойгоос гурван удаа холбогдсон. Ингэхдээ, УИХ-аас Оюутолгойн төслийг зогсоож болзошгүй асуудал, Захиргааны хэргийн шүүх дээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зогсоох маргаан явж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын байр суурь мөн эсэхийг тодруулсан. Түүнчлэн татварын асуудлаар арбитрын шүүхэд шүүхдэлцэхгүй байх талаар зөвлөлдөх хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй. 

Захиргааны хэргийн шүүхээс Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон. Мөн УИХ-ын ажлын баг төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Оюутолгой төслийг зогсоох ийм нөхцөл үүссэн учраас ҮАБЗ өчигдөр эл асуудлаар хуралдсан. Миний хувьд, Оюутолгойн төсөл цаашид үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ төслөөр бид дэлхийтэй харилцах харилцаагаа таслах эрсдэлтэй учраас санаа зовж байна. Маргаанд ялагдаж, хөрөнгө оруулалт, төсөл зогссоноор 15 мянган хүн ажлын байргүй болох, 20 мянган аж ахуйн нэгжид учрах эрсдэлийг хэн хариуцах нь эргэлзээтэй. ҮАБЗ-ийн гишүүд ч төслийг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байна билээ. Ойрын хугацаанд хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй хуралдаж, төслийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Гэрээг шинэчлэхээр 2017-2019 онд гурван удаа санал тавьж байсан. Хоёр талаасаа хөрөнгө оруулах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжтой. Засгийн газар одоогоор тогтоол гаргахаар хэлэлцэж байна. Рио Тинтогоос нааштай хандана гэдэгт итгэж байна" хэмээв.


Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд Рио Тинто Монгол Улсад 9 орчим тэрбум ам.доллар буюу ДНБ-ий жилийн орлогоос давсан хөрөнгө оруулсныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дурдав.

Холбоотой мэдээ